Багш‎ > ‎

Багшийн ёс зүйн дүрэм


Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2006 оны 482-р тушаалыг үндэслэв

 

Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар

сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын

07  дугаар хавсралт

 

 “ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

 БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1          Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй /биеэ авч явах ёс зүй/-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.

1.2          Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон сургуулийн үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.

 Хоёр. Дүрмийн нэр томъёо

 Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

 2.1          “Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.2          Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.

2.3          Багшийн ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.4          Сургалтын эрх чөлөө гэж мэдлэг бүтээх, эзэмших дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд  автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцөлийг хангах боломж  бүрдүүлэхийг хэлнэ.  

 Гурав. Багшийн мэргэжлийн эрх

 3.1          Сургууль нь, багш нарыг сургалт, судалгааны үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих үүрэгтэй.

3.2          Тус дүрэм нь багшийн сургалтын эрх чөлөөг хангана.

3.3           Багш нь Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу доорх эрхээр хангагдана.

 

3.3.1           Судалгаа, шинжилгээний ажлыг чөлөөтэй хийх, түүний үр дүнгийн талаар санал солилцох;

3.3.2            Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт аргыг сонгон хэрэглэх;

3.3.3           Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;

3.3.4            Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх;

3.3.5           Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зэрэг болно.

 Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага

 4.1          Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ

 4.1.1           Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.  Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана. Багш суралцагчдад хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагчийн хооронд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.

4.1.2           Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд

 

-           Багшлах үүргээ биелүүлээгүй байх;

-           Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх;

-           Хичээлд холбогдолгүй материалыг сургалтад ихээр ашиглах;

-           Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих;

-           Суралцагчийн мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй                шалгуураар дүгнэх;

-           Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу дур мэдэн хойшлуулах;

-           Суралцагчийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах;

-           Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах;

-           Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах;

 4.2          Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ

 4.2.1           Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэх сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.

4.2.2           Ёс зүйн зохисгүй хэлбэр

-  Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих

 4.3          Багшид тавих ёс зүйн хэм хэмжээ

 4.3.1           Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр төвшинд санаачлагатай, шударгаар биелүүлэх ёстой.  Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримталдаг байна. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.

4.3.2           Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд

 -           Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах;

-           Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах;

-           Сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах;

-           Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих;

-           Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх;

-           Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах;

 4.4          Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ

 4.4.1           Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг  хүндэтгэнэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдсон эрх үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана.

4.4.2           Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд

 -           Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх;

-           Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих;

-           Бусад багшийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах;

Тав. Хэрэг үүсгэгч багшийн эрх үүрэг

5.1          Хэрэг үүсгэгч багш нь өөрийн хэргийн талаар санал гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

5.2          Сахилгын шийтгэл ноогдуулсан сургуулийн ёс зүйн албаны шийдвэрт багш ажлын 30 хоногийн дотор бичгээр гомдол гаргах эрхтэй.

5.3          Багш өөрийн хийсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол ноогдуулсан шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй.  / Хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байна./ 

Зургаа. Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх

 6.1          Багшийн ёс зүйг зөрчсөн багшид сахилгын шийтгэл  ноогдуулах асуудлыг  Сургуулийн ёс  зүйн алба судлан санал боловсруулна.

6.2          Сургуулийн дэргэд багшийн ёс зүйн алба ажиллах бөгөөд 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.

6.3          Багшийн ёс зүйн алба нь өөрийн журамтай байна. 

6.4          Багшийн ёс зүйн алба нь ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авч нотолгоо баримтыг шинжлэн судалж, сахилгын шийтгэл ноогдуулах эсэх үндэслэлийг шалган тогтооно.

6.5          Сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрт багшийн гаргасан гомдлоор сахилгын хэргийг сургуулийн ёс зүйн алба хянаж захирал, захиргааны зөвлөлд танилцуулж санал авч эцсийн шийдвэр гаргана.

6.6          Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

 6.6.1           Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тохиолдолд;

6.6.2           Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглавал;

6.6.3           Сургуулийн багш бусад ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад учруулах, заналхийлэх буюу дарамталсан нь тогтоогдвол;

6.6.4           Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчвөл;

6.6.5           Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа удаа дараа согтуу ирсэн тохиолдолд;

6.6.6           Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах хандлага гаргавал Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 131.1.1 /сануулах/ 131.1.2 /үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/ 131.1.3 /ажлаас халах/ –д зааснаар сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ноогдуулна.

  Төгсөв.

Багш
Багшийн дүрэм
Багшийн ёс зүйн дүрэм
Багшийн ёс зүйн албаны журам
Зээлийн сангийн дүрэм