Үлгэрч өвөө эмээ

posted May 14, 2016, 7:29 AM by Ц ӨНӨР   [ updated May 14, 2016, 7:30 AM ]
Үлгэрч өвөө эмээ

Найман настай балчраас, наян настай өтгөс хүртэл сурч хүмүүжин боловсорч, хөгжин төлөвшиж, бүх зүйлийг танин мэдүүлдэг уран зохиолын нэг нь яахын аргагүй үлгэр домог юм.

            Хүн үлгэрийг бүтээж буцаад үлгэр хүнийг бүтээдэг. Хүн төрөлхтөн уран зохиолын яруу сайхан, утга агуулга, найруулгаас суралцаж, сургамж авч байдаг. Тийм ч учир шинийн 14-ний энэхүү өдөр “Үлгэрч өвөө эмээ” хэмээх тэмцээний эхлэл тавигдан өрнөж байгаа биз. Аливаа зүйлийн амьжилттай болсон эсэх нь өрнөл, үр дүнгээс харагддаг учиртай. Энэхүү тэмцээнийг хүндлэн өөрийн авьяас чадвараа шалгахаар, бусадтай энэ зэрэгцэн өрсөлдөхөөр ная гаруй өтгөс буурал ирсэн нь гайхамшигтай, сургамж, үлгэр дуурайлал авахаар байлаа. Сургамжит сайхан үлгэр домгийг ярихад нь эхийн үрээ хайрлах, аргадах, бүүвээн дуу орж, бүүвээн дуугаар үр хүүхдээ өсгөдөг гэдэг нь ажиглагдаж байлаа.

            Юм бүхэн эхлэлтэй, зорилго чиглэлтэй, зорилт тэмүүлэлтэй байдаг. Тэмцээний хүндэт шүүгч Гүрбазар гуайн хэлсэнчлэнгээр энэхүү тэмцээний зорилго нь тухайн үлгэр домгийн дүрүүдийг онцлон гаргаж үзүүлэх биш, жүжиглэх ур чадварыг харах биш, үлгэр домог, яригч хоёрын нийлсэн цогц чадамж, төрөлх хэлээрээ үлгэр домгийг хэрхэн цэвэр сайхан ярьж байна гэдгийг нь илрүүлэх зорилготой байсан.

            “Үйлс бүхэн бүтэхэд

            Үлгэр бүхэн тусай” гэдэг шиг зорилго бүхэн биелэхэд зорилт бүхэн хэрэгтэй. Тэмцээнийг хүндэтгэн ирсэн шүүгч, оролцогчид гээд бүх л хүний сэтгэл зүрх догдолж, тайз театрын засал, гоёл чимэглэл, оролцогчдын хувцаслалт гээд бүхий л зүйл сайхан байсан.

            Энгийн зүйлээс том зүйл үүсдэг. Жишээ нь : цэгээс зураас үүсдэг шиг үлгэр, дуугаар уухайлан дуу хуур үүссэн түүхтэй.

            Төрөх нь үнэн, үхэх нь үнэн гэдэг шиг бүх л юм төгсгөлтэй байдаг. Төгсгөл бүхэн аз жаргалтай төгсөх сайхан хэдий ч “гэжээ”, “гэнэ”, “байжээ” гэх мэт үгсээр төгсөх, орчин үеийн үг, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байвал зохимжтой мэт санагдана. Гэсэн хэдий ч тэмцээнийг хүндэтгэн ирсэн өтгөс буурал, нас тогтсон “Үлгэрч өвөө эмээгээс” сурч мэдэх, ухааран ойлгож авах зүйл их байлаа. Хэдийгээр богино хугацаа байсан ч тэрхэн хугацаанд үлгэрийн орноор аялах мэт болж, олон түмний дунд орж нэгэн өдрийг зугаатай өнгөрөөн, бусдаас сургамж авсандаа баяртай байна. 

                                                                                                                                                                                                  СӨБ-2Б Ө.Саранчимэг