“МИНИЙ БАГШ” СЭДЭВТ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой угтаж Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Миний багш” сэдэвт дурсамж, захидал, шүлэг, эсээ бичлэгийн уралдаанд нийт 327 бүтээл ирүүлснийг “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Монгол бичгийн “Ертөнц” төвийн хамтарсан баг шалгаруулж дүгнэв. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн сурагчид, сурагчдаа уралдаанд оролцуулсан багш нарт талархал илэрхийлж, амжилт хүсье.

Уралдаанд Улаанбаатар хотоос 204, Орхон аймгаас 23, Хэнтий аймгаас 18, Дорнод аймгаас 12 бүтээл гэх мэтээр аймаг, хот бүрээс 2-оос 204 бүтээл ирсэн байна. Харин Архангай, Говьсүмбэр аймгуудаас нэг ч бүтээл ирсэнгүй. 

Сургуулиудаас Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагчид  59 бүтээл ирүүлсэн нь уралдаанд хамгийн олон бүтээл ирүүлсэн сургуулиар шалгарч байна.

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг хэвлэл, радиогоор сурталчлах болно. “Миний багш” сэдэвт бичлэгийн уралдаанд тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн сурагчдад баяр хүргэе.

 

УРАЛДААНЫ ДҮН

"Миний багш" сэдэвт бичлэгийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан бүтээлүүд

сурагчийн нэр

аймаг, хотын нэр

сум, дүүргийн нэр

сургуулийн нэр

анги

бүтээлийн нэр

бичлэгийн төрөл

оноо

1

Ч.Номин-Эрдэнэ

Улаанбаатар

Баянзүрх

Хишиг БДС

10а

Миний багш

эсээ

92

2

Э.Батчимэг

Улаанбаатар

Чингэлтэй

23

12а

Миний багш

дурсамж

91

3

Г.Намуун

Дорнод

Хэрлэн

12

10а

Итгэл хайрласан миний багш

дурсамж

90

4

Д.Анужин

Улаанбаатар

Чингэлтэй

17

12а

Багш

эсээ

89

5

Т.Жамъянсүрэн

Өвөрхангай

Хайрхандулаан

ЕБС

10а

Ижий энтэй багш мину

дурсамж

88

6

С.Хатансайхан

Улаанбаатар

Баянгол

51

12г

Багшийн тухай дурсамж

дурсамж

86

7

М.Ягаанзул

Булган

 

1

12а

Ачит багшаа магтъя

захидал, шүлэг

84

8

Х.Чаминчимэг

Хөвсгөл

Тариалан

ЕБС

12в

Миний багш

шүлэг, эсээ

75

9

Г.Загдхорол

Ховд

Жаргалант

ЕБС

10а

Миний багш

эсээ

83

10

Ц.Бямбацэрэн

Увс

 

ЕБС

12а

Захидал

захидал

83

 

 

"Миний багш" сэдэвт бичлэгийн уралдаанд дэд байрт шалгарсан бүтээлүүд

сурагчийн нэр

аймаг, хотын нэр

сум, дүүргийн нэр

сургуулийн нэр

анги

бүтээлийн нэр

бичлэгийн төрөл

оноо

1

Л.Мөнхцэцэг

Сэлэнгэ

Сүхбаатар

1

11а

Мөрөөдлийн жиргээч миний багш

дурсамж

84

2

Л.Ганцэцэг

Орхон

Баян-Өндөр

3

11а

Багш

эсээ

82

3

Б.Нандин-Эрдэнэ

Улаанбаатар

Чингэлтэй

17

12а

Багш

дурсамж

80

4

Э.Золзаяа

Улаанбаатар

Баянгол

77

12*2

Миний багш

эсээ

80

5

Б.Нямтуяа

Улаанбаатар

Сүхбаатар 

35

12а

Багшдаа бичсэн захидал

захидал

82

"Миний багш" сэдэвт бичлэгийн уралдаанд гутгаар байрт шалгарсан бүтээлүүд

сурагчийн нэр

аймаг, хотын нэр

сум, дүүргийн нэр

сургуулийн нэр

анги

бүтээлийн нэр

бичлэгийн төрөл

оноо

1

Д.Сайханпүрэв

Хэнтий

Бэрх

ЕБС

12б

Миний багш

шүлэг

70

2

С.Далайцэрэн

Улаанбаатар

Хан-Уул

18

10а

Миний багш

эсээ

75

3

Б.Сэргэлэн

Сүхбаатар

Мөнххаан

ЕБС

12а

Анхдагч багшдаа

шүлэг

70

 

УРАЛДААНД ИРСЭН БҮТЭЭЛҮҮДЭЭС

 

Баянзүрх дүүрэг, Хишиг бүрэн дунд сургуулийн

10а ангийн сурагч Ч.Номин-Эрдэнэ

                                                              

Миний багш

(эсээ)

     Багш хүн гэдэг хүнээр хүн хийж байгаа,хүнийг урлах дархан хүмүүс. Олонх хүмүүс багш хүнийг ээжтэй,аавтайгаа зүйрлэн хэлдэг. Харин багш гэх нэршил нь өөрөө бидний ижий аав шиг хүндтэй хүн гэхийн утга болов уу?

     Миний хувьд "багш" гэх нэрийн дор зүтгэж буй, "багш" хэмээн нэрлэгдэх хүн бүр хүндэтгэн хайрлахад үнэ цэнэтэй хүмүүс. Багшийн минь алдар Чулуунхүү. Миний багш намайг ухааруулж сургах,гуниг зовлонг минь үргээх хөх тэнгэр. Багш минь омогдож загнахдаа газар шиг хатуу ч "тэнгэр" шиг уужим, цаглашгүй их эрдэмтэй хүн шиг надад санагддаг. Тэнгэр уужим гэх бэлэгдлээс гадна зөөлний мөн чанарыг агуулж байдагтай адил багш минь чанд хатуу дүрэмтэй ч яг л тэнгэр шиг тэнүүн, нигүүлсэнгүй сэтгэлтэй,жирийн л нэг багш хүн. Учир нь "багш" хүн нь өөрөө бусдын төлөө зүтгэгч,залуу халуун насныхаа золбоогоор бидэнд эрдэм түгээгч хүн. Харин "жирийн" нэгэн багш гэж хэлсний минь утгад багш минь "багш" хэмээн дуудагдахад, "багш" хүн болоход үнэ цэнэтэй болохуйд оршин байсан юм.

     Багшийн минь хамгийн анхны хичээлээс л эхлэн би түүнийг үнэлэхийн  дээдээр үнэлж билээ. Ангийн ханаар цуурайтан сонсдох түүний хоолой түүний бидэнд зааж сургах гэсэн үнэн сэтгэлийг яруу тодоор эгшиглүүлж байлаа .Тэр л үед би "чин үнэн сэтгэл"-ийг олж харж билээ. Бүхий л үйл хөдлөл нь бидэн рүү тэмүүлсэн,харц нь цог золбоогоор дүрэлзэж буй залуу эмэгтэй багш. Ээжтэй минь нас чяцуу болов уу гэмээр байвч "багш" гэх нэрийн дор шударгаар зүтгэж буй,өөрийн эрх, ашгийг умартсан багш хүний дүр зураглал..

     Багш хүнд өөр хүн болон хувирах, дуу хоолой, нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон "өөрчлөгдөх чадвар” байх ёстой. Нүүрний хувиралын техник нь багш баяр баясгалантай, тайван, өөртөө итгэлтэй,хүүхдэд өөдрөг хандах хандлагатай байгаа, хэнийг ч хүлээн авч ойлгоход бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх ёстой гэж судлаач Л.И.Рувинский үзжээ. Багш минь амьсгаагаа чүү ай аван хичээлээ заахдаа амьдралынхаа хатуу бүхнийг нуудаг байх. Тэр болгоноо харцандаа ч гаргалгүй нуудаг юм бол энэ юутай их тэвчээр вэ?

     Шавь нартаа заах гэсэн зүйлээ тултал нь тайлбарладаг багшийнхаа занг энд дурдахгүй байж болохгүй биз ээ. Бүхий л ойр жишээг энд тэндээс татан ярихад нь амаа ангайн, шүлсээ гоожуулах шахан сонсох бид нарт түүний хичээл харвасан сум шиг л хурдан өнгөрдөг. Учир нь түүний сэтгэл үнэртэх  бэлтгэлээс амт шимтэй ургац дэлгэрэн гардаг юм.Тийм ээ,багшийн минь хичээл үнэхээр " амттай " байдаг. Дахин дахин яриулмаар эртний хууч яриа, эсээ бичвэр, түүвэр зохиолууд.. Нэг нь ч мартагдалгүй цээжинд хоногшин үлддэг нь эргэн санахад дэндүү сайхан.

     Өөрийн багшдаа зориулан,ач буяны сэтгэлээрээ ном бүтээсэн Пүрэвхүүгийн Батхуяг гуай "Очирбатын Дашбалбар" номондоо шавь хүний багшийг дээдлэх сэтгэлийг шингээн олонд өргөсөн билээ. Багш хүнийг хүндлэн дээдлэх шавь хүний сэтгэл,багшийн ариун нандин сургааль зэргийг мэдэж болох багш шавийн барилдлага бүхий үр өгөөжтэй ном. Уг номонд "багшийн минь нэгэн шүлэгт диваажинд хүрэх замыг би мэднэ гэдэг мөрт байдаг, үүнд ч би огт эргэлздэггүй" хэмээн гардаг. Шавь хүний бишрэл нь багшдаа итгэх итгэлийг хатуу чанд бэхэлдэг болов уу?

     Багш хүн ийм л байгаасай гэмээр бидний төлөө шаналах,биднийг өөртөө увидастай мэт татах тэр л хүн миний багш. Сурагч нараасаа өөрөө дүнгээ олон дахин хэлж нэхэн бухимдах уужим сэтгэлтэй миний багш. Багахан ахицанд минь хүүхэд шиг баярлах,жаахан алдааг минь гэмштэл зэмлэх  багш минь..

     Хэн нэгэнтэй,ямар нэгэн зүйлтэй зүйрлэгдэх шаардлагагүй нэршил бол "багш". Учир нь хүнийг урлах ариун хийгээд тэнгэр заяатай хүн мөн л багш хүн. Учир нь түүний өөрийн мэргэжилдээ сэтгэл зүрх,залуу нас,цаг заваа өргөсөн нь, уужуу их сэтгэл нь, өргөн их ухаан нь өөр юутай ч зүйрлэгдэмгүй үнэ цэнэтэй болой.

 

 

 

 

Чингэлтэй дүүргийн 23-р бүрэн дунд лаборатори сургуулийн

12А ангийн сурагч Э. Батчимэг

 

Миний багш

(дурсамж)

   Таньж мэдэхгүй үгсээр ертөнцтэй ярилцаж болно гэж анх багш минь зааж билээ. Ангайж гайхсан тэр л балчир нас минь саяхан. Утгын гүн нь далай мэт байсныг сая л нэг ойлгосон юмдаг. Аялгуу дүүрэн уншлага нь  зүрхний эрмэлзлийг асааснаар эдүгээ төгсөх ангид ч унтраагүй.

  Хотын төвд хөл чимээн дунд сүндэрлэсэн дөрвөн давхар сургууль  жаран нас давж, өнөөгийн Монгол улсын хөгжилд үнэтэй нөлөө бүхий олон зүтгэлтнийг төрүүлжээ.  Буурин дээр нь монгол үндэстний их зохиолч Дашдоржийн Нацагдорж шүлэг туурвиж, өдгөө урд нь Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн хөшөө сүндэрлэсэн нь утга уянгын бал эрдэнэ хөрсөнд нь шингэжээ гэмээр. Үүнийг ч батлах шиг жил бүр сургуулиас зохион байгуулдаг “Гэгээн зөн” шүлгийн наадмаар үргэлж хурмаст тэнгэр хураа хайрладаг юм. Харин сургуулийн олон арван багш нар өдөр бүр оюуны хур буулгадаг билээ.

   Том алаг нүдтэй, час хийсэн хоолойтой, настай мяраавтар багш бол тэдний нэг. Анх хичээл ороход нь ангийнхан бүгд цог жавхаанд нь даган баясаж, бага зэргийн гайхшралтай байлаа. Хуурай самбар дээр шохойгоор бичихэд муурын хумсаар маажиж буй мэт чихрах нь олон хүүхдийн дотрыг арзайлгав. Багш бидэн рүү эргэж хараад зэвүүн харц шидэн инээмсэглэж “Хүүхдийн нойрыг ингэж сэргээдэг юм” гээд хичээлээ үргэлжлүүлэв. Үнэхээр зовхио дийлэлтгүй үед шилдэг сэрүүлэг ажээ. Бас биднээр буруу бичсэн үг, тэмдгийн алдааг ангуучлуулна. Хаяг реклам, зарлал мэдээллийн самбар, ялангуяа автобус доторх зөвлөмжүүдэд алдаатай үг харах хамгийн дургүй. Улаан бал бариад л засаж мэдэх хүн. Нүдэнд тогтсон алдаатай үг хүний насан туршийн буруу бичилт болдог учрыг тайлбарлаад цааш улбаалуулж түүх ярьсан юм. Дуудлага ижил ч бичлэг өөр билиг, бэлгэ, бэлэг гэх мэт үгсээр нэр нь бүтсэн хоёр талийгаачийн нэгийг нь чандарлах ёстой байж. Гэтэл зөв бичлэг мэдэхгүй нь улмаас нөгөөхөд нь чандарлах ёс үйлджээ. Тэгээд багш “Үхсэн хойно чинь хүртэл дахиж алж мэднэ. Хүн амины хэрэг хийхээс эмээдэг бол үсэг амины алдаа хийхээсээ ч эмээ” гэж сургасан нь чулуун дээр тодоос тод сийлсэн мэт сэтгэлд үлджээ. Ням багш “хүн” бүтээхийн тулд өдрийн хэд дээш доош шатаар мацаж, завсарлагаангүй бидний бичсэн эсээг уншиж, УДЭТ-луу хоёр зуу гаруй хүүхдүүд дагуулж явж, жүжиг үзүүлэн урлаг ойлгуулж, зохиолыг нүдэнд харагдтал үгээр урладаг гайхалтай зүтгэлтэн юм. Тэр биеэ хайрлалгүй зүтгэдэг. Олон зуун шавь нарт монгол өв уламжлалыг бадраах цуцашгүй чин зоригтой.

   Тэр өдөр нэг минут ч хоцролгүй ирдэг багш маань өвчтэй гэх шалтгаанаар “Ням багшгүй өдөр” болов. Нурууны эмгэгтэй болжээ, багш минь. Хэдэн хоног ирээгүй ч таамаглаж байснаар эрт эргээд ирлээ. Дөрөвдүгээр давхарт байх манай ангируу таяг тулан орж ирээд хичээлээ эхлүүлэв. Ням багшийн уншсан шүлэг хүртэл зүрхэнд яг хүрдэг билээ. Гэтэл багшийн хоолой зангирч, нүдэнд нь нулимс гүйхэд бидний зүрх аниргүйд зогсох шахам цохилж байлаа. Ням багш хоёр гараараа ширээгээ тулснаа хэсэг байсхийж, гүйсэн нулимсаа арчингаа “Нулимс гартал өвддөг байна шүү дээ” гээд инээв. Нуруу зангирах өвчин тэсэх аргагүй юм гэсэн. Яаж багш минь хичээлдээ ирэв ээ?  хэмээн бодолхийлж, нүдрүү нь харж чадахгүй доошоо мэлтэлзэн байлаа. Тэгэхэд Батчимэгийн төлөө бус монголын төлөө үхэх ёстойг ухаарсан.

Өвдсөн ч банзан авс ярьж муу ёрлоогүй  ээ, Ням багш.  Ухаан нь өдөлж амжаагүй яваа шавь нар нь толгойг нь бөхийлгөхгүй байгаа нь энэ байх. Түүний эрдэм өвлүүлэхийг амь нас гэж эрхэмлэсэн нь алдахгүй. Эрдэнэт багшийгаа мэхлэгчийг харахад эхээ алсан улаан гарт хүү харагдана. Магад би жар насалсан ч тэнгэр дээдсийн дүрийг ээж, багш шигээ л төсөөлж явах биз. Бүүвэйн дуунаар бүлээн гэрт өссөн ч  хонхны дуунаар сургуулийн танхимд хүн болжээ, би.

 

Хөвсгөл аймгийн Тариалан ЕБС-ийн сургуулийн

12В ангийн сурагч Х. Чаминчимэг

 

Миний багш

Аав ээжийнхээ энгэрийн дулаанаас холдож

Ангаахай насандаа эрдмийн өргөөнд зочилсон

Ардын олон хүүхдүүдтэй тохой зэрэгцэн сууж

Алиахан хонгор төрхөндөө ачит бурхантай уулзсан

                                         Багш минь тэр үед намрын нар шиг харагдсан

Бурхнаас өгсөн амьдралын аз жаргалын хэлтэрхийг

Буурал хорвоогийн үнэнтэй мөр тэнцүүлж амтлаад л

Багшийн сургаал дор сая нэг ухаарахуйд

Балчирхан охины мэлмийд үлгэрийн ертөнц нээгдсэн

                                       Багш минь энэ цагт өвлийн өнтэйг бодогдуулсан

Тэнгэрийн бүрхэг арилах мэт бодол цэлмэхэд

Тэр үеийн магтаал сэтгэл огшуулна

Тэртээх амьдралын шалгуур өмнө минь үзэгдэхэд

Тэвчээрт сургаж залуурыг минь өгөөд далайд гаргасан

                                         Багш минь тэр үед хавар шиг хайрыг мэдрүүлсэн

Цэцэг дамжсан эрвээхэйн гоё ганганд атаархахад

Цагт яарсан амьдралд минь зун цаг ирдэг ээ

Цахилгаан,мөндөр,аадар бороо аль аль нь үзэгдэвч

Цээжин дотогшоо багшийн хатуурхал зөөлөрч асгардаг аа

                                       Багш минь энэ үед зуны бороог санагдуулсан

Миний гэсэн бүхэн намайг хайрлахад

Мянган сургаалын ач амьдрал гийгүүлж

Миний багшийн төрх нүдэнд үзэгдэхэд

Мөнхийх юм шиг бодоод амьдралд шунах болсон

                                       Миний багш  тэгэхэд ертөнцөд минь  дөрвөн өнгө нэмсэн. 

 

Зохион байгуулагч: “ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хамтран зохион байгуулагчид:                                 

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ БИЧГИЙН “ЕРТӨНЦ” ТӨВ