ДОЛГОРЫН НЯМАА 

/Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн/

Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын НЯМАА 2017 оны 9-р сарын 22-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын утга зохиол, Соёл боловсролын салбарт хүнд гарз учирлаа.
.....Д.Нямаа 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн, Үүдэн бууцанд мэндэлжээ.

Тэрбээр ерөнхий боловсролын сургууль, Хүн эмнэлгийн техникум, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн хүний бага эмч, зохиолч, яруу найрагч хүн байлаа. Дундговь аймагт эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын олон хариуцлагатай албан тушаал хашсаны зэрэгцээ “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуульд 1998-2010 онд утга зохиолын багшаар нийтдээ 13 жил ажилласан билээ. Тус сургуульд ажиллах хугацаандаа “Зохиолчийн уран бүтээлийн туршлага” хичээлийг монгол хэл-уран зохиол, түүх-уран зохиолын багшийн ангид ордог байсан бөгөөд монголын зохиолчдын болон өөрийн арвин туршлагыг  шавь нартаа харамгүй өгсөн багш байлаа.

....“Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”, “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг” “Гитар барьсан залуус”, ”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийн түүврүүд, “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” зэрэг дурсамж тэмдэглэлийн олон ном хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгосон билээ.

Д.Нямаа 1974 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, мөн олон арван шилдэг бүтээл туурвиж, утга зохиол сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1993 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээсэн юм.

Яруу найрагч Д.Нямаа эгэл даруухан, хүнлэг сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, нямбай зан чанартай, дундаршгүй авьяас билигтэй, залуу үеийнхэндээ үлгэр дууриал болсон уул мэт түшигтэй ахмад уран бүтээлч, багш байлаа. 
           ....Түүний гэгээн дүр, цаглашгүй авьяас нь үе үеийн уран бүтээлчид, үзэг нэгт нөхөд, шавь нар, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ...

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН