Оюутныг үнэлэх журам

Захирлын 2018 оны 3 дугаар сарын 5 –ны өдрийн

18 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 158 дугаар тушаалын “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг "Гурван-Эрдэнэ" БДС-ийн бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтад багц цаг тооцох, оюутны мэдлэг чадварыг дүгнэхэд мөрдлөг болгоно.

1.2 Тус сургуулийн хичээлийн нэг жил нь тус бүр 16 долоо хоног танхимд хичээллэх хоёр улирлаас бүрдэнэ.

1.3 Хичээлийн үргэлжлэх хугацаа 50 минут байх боловч дундаа завсарлагагүйгээр хоёр цагийн хичээлийг 90 минутад багтаан явуулж болно.

1.4 Тухайн жилийн элсэлтийн тоо болон мэргэжлийн ангид суралцаж буй оюутны тооноос хамааран хичээлийн нэг цагийн үргэлжлэх хугацааг танхимаар 50 мин, бие даалтаар 40 минут байхаар зохицуулна.

1.5 Танхимын 50 минутаар хичээллэх ангийн оюутны тоо 6-10 байна.

Хоёр. Багц цаг

2.1 Сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь багц цаг байна. Багц цаг нь сургуулийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын үндэс болно.

2.2 Нэг багц цаг нь 1 улирлын турш нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекц ба 2 цагаар орох семинар, дадлагын хичээл, 3 цагаар орох лабораторийн ажлын нийт цагтай тэнцүү тоон утгаар хэмжигдэнэ.

2.3 Оюутны танхимд хичээллэх норматив ачааллын хэмжээ 1 улиралд 12 багц цагаас доошгүй байна. Захирлын зөвшөөрлөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно.

2.4 Оюутны төгсөлтийн шалгалтад бэлтгэх, бакалаврын ажил бичих, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг тооцохгүй.

Гурав. Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх

3.1 Сургалтын төлөвлөгөө ёсоор оюутан судалсан хичээлийнхээ агуулгыг хэрхэн эзэмшсэнийг рейтингийн системээр үнэлнэ. Үүнд:

3.2 Рейтингийн оноог явцын үнэлгээгээр тооцно.

Дөрөв. Явцын үнэлгээ

4.1 Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үндсэн хэлбэр нь явцын үнэлгээ байх бөгөөд үүнд оюутны ирц, идэвх оролцоо, ам ба бичгийн сорил, ажиглалт, ярилцлага, бие даалтын ажлууд байх боловч тухайн хичээлийн онцлог, багшийн саналыг харгалзан бусад арга хэлбэрүүдийг зохистойгоор хослуулан хэрэглэж болно.

4.2 Явцын үнэлгээ нь 100 онооноос бүрдэнэ.

4.3 Энэхүү оноог А.Б. хэсгээр хувааж болно.Үүнд:

Ø “А” хэсэг 20 оноо – Энэ нь оюутны хичээлд суусан ирцийн үнэлгээ байна. /Оюутан хүндэтгэх шалтгаанаар олон цагаар хичээлд суугаагүй тохиолдолд 14 хоногийн дотор хичээлээ нөхөж багшдаа шалгуулж А хэсгийн ирцийн оноог тооцуулж болно./

Ø “Б” хэсэг 80 оноо – Энэ нь тухайн хичээлээр оюутны гүйцэтгэсэн ажлын үр дүн, бие даалтын ажил, мэдлэг чадвар хэрхэн эзэмшсэн байдал, хичээлд оролцсон байдал, ахиц дэвшлийг үнэлсэн үнэлгээ байна.

4.4 Оюутан дараах шаардлагыг хангасан тохиолдолд явцын үнэлгээгээ баталгаажуулж анги дэвшин суралцах эрхтэй болно.

Ø Тухайн хөтөлбөрөөр авах 100 онооноос 60-аас дээш оноог авсан байх

Ø Сургалтын төлбөрийг зохих журмын дагуу төлж, тэмдэглэгээ хийлгэсэн байх

Ø Багш дээрх шаардлагыг хангасан оюутны явцын үнэлгээг рейтингийн үнэлгээ, үсгэн дүнд шилжүүлжбаталгаажуулна.

Ø Оюутан нь улирал бүрийн эцэст өөрийн явцын үнэлгээнд дүн шинжилгээ хийж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.

4.5 Улирлын сүүлийн долоо хоногт /16 дахь долоо хоног/ багш явцын үнэлгээг гаргаж дүнг сургалтын албанд өгнө.

Ø Явцын үнэлгээгээр хангалтгүй дүн авсан оюутан тухайн хичээлийн агуулгыг бие даан судалж нөхөх шалгалт өгнө.

Ø Явцын үнэлгээг оюутны үнэлгээний хуудас болон сурлагын дэвтэрт тухай бүр бичиж, үнэлгээний дүнг багш гарын үсэг зурж баталгаажуулна.

Ø Сургалтын албаны зөвшөөрөлгүйгээр дүн, оноог засварлахыг хориглоно.

4.6 Улирлын нөхөх шалгалт

Ø Оюутан хичээлийн явцад авах ёстой үнэлгээний / 100 онооны / нийлбэр 60-аас бага тохиолдолд нөхөх шалгалт өгнө.

Ø Багш улирлын сүүлийн долоо хоногт /16 дахь долоо хоногт/ нөхөх шалгалт өгөх оюутны нэрсийг гаргаж сургалтын албанд өгнө.

Ø Улирлын нөхөх шалгалтын хуваарийг сургалтын албанаас зохион байгуулна.

Ø Оюутан нөхөн шалгалтын зөвшөөрлийг сургалтын албанаас авч шалгалт өгнө.

Ø Улирлын нөхөх шалгалтыг тухайн хичээл заасан багш авч дүгнэнэ.

Ø Улирлын өхөх шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутан тухайн хөтөлбөрөөр кредит нөхөж дахин судална.

4.7 Төгсөх ангийн оюутан 8 улиралд үнэлгээний журмын тавд заасны дагуу төгсөлтийн нэгдсэн шалгалт өгнө.

Тав. Төгсөлтийн нэгдсэн шалгалт

5.1. Зорилго: Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль төгсөгчдийн “Төгсөгчийн загвар” буюу “Төгсөгчдийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага”–ын шаардлага хангалтын түвшин, тэдний “багш-бие хүн” болох шинж төлөвшлийн түвшинг үнэлж, цаашдын баримжааг тодорхойлох

5.2. Үндэслэл:

Төгсөлтийн нэгдсэн шалгалт нь сургууль төгсөгчдийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хандлагын ерөнхий түвшинг тодорхой шалгуурт тулгуурлан, үнэн бодитойгоор илрүүлэх, үнэлгээний шинэ чиг хандлагыг хэрэгжүүлэхэд үндэслэнэ.

Үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална.

Ø Төгсөгчдийн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагын тогтолцоо

Ø Төгсөгчдийн багш мэргэжлийн ерөнхий арга барил, хандлага, бүтээлч сэтгэлгээ

төлөвшлийн байдлыг хамтын үнэлгээнд тулгуурлан үнэлнэ.

5.3. Төгсөлтийн нэгдсэн шалгалтын бүтэц:

Төгсөлтийн нэгдсэн шалгалт нь:

1. “Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил

2. “Багш, бие хүн”-ий шинж, төлөвшлийн буюу мэргэжлийн ерөнхий түвшнийг илрүүлэх ярилцлага гэсэн бүтэцтэй байна.

3. Төгсөлтийн нэгдсэн шалгалтыг сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу авна.

1.“Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил:

1. “Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил нь төгсөгчийн сургалтын үйл ажиллагааг бие дааж төлөвлөн зохион байгуулах ажлын арга барил эзэмшсэн байдлыг үнэлэх зорилготой.

2. Бие даасан ажил нь тухайн мэргэшлийн онцлогоос хамааран аль нэг хичээлийн 2-3 сэдвийн агуулгын хүрээнд сонгосон, сургалтын арга зүйн сэдэвтэй ажил байна.

3. Бие даасан ажлын сэдвийг төгсөгч өөрөө сонгож, мэргэжлийн багшаас зөвлөгөө авч ярилцсаны үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.

4. Бие даасан ажлыг дараах шалгуурын дагуу үнэлнэ. Үүнд:

Эх материал уншиж судалсан байдал

ü Мэдээлэл хайж, олж судлах чадварын түвшин

ü Гадаад хэл дээрх мэдээлэл ашиглах чадвар түвшин

ü Эш мэдээлэл сонголтын тоо, чанар

ü Эш мэдээллийн ашиглалт

B. Бичлэгийн соёл

ü Мэргэжлийн үг, хэллэгийн соёлын түвшин

ü Бичлэгийн ерөнхий найруулгын байдал

ü Бичлэгийн ерөнхий соёлын түвшин

ü Эш авалт

ü Зүүлт хийх

ü Ашигласан ном материалын жагсаалт хийсэн байх

Ажлын гүйцэтгэлийн чанар

ü Зорилго, зорилтын оновчтой байдал

ü Арга зүйн боловсруулалтын чанар

ü Үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт

ü Ажлын ерөнхий үр дүн, зорилгоо хангасан байдал

ü Ерөнхий хандлага төлөвшил

ü Ажил хэрэгч байдал (хариуцлага, хандлага)

ü Өөрт нь гарсан ахиц, өөрчлөлт

5. Бие даасан ажлыг мэргэжлийн тэнхимийн багш нараас бүрдсэн үнэлгээний багт үнэлүүлнэ.

6. Үнэлгээний баг нь бие даасан ажлын гүйцэтгэл, тодорхой асуудлыг шийдвэрлэх үедээ эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглаж байгаа болон хандаж байгаа байдал, судалгааны арга зүй эзэмшсэн байдал зэргийг илрүүлнэ.

7. Үнэлгээний багийн гишүүд оюутан бүрийн даалгавар гүйцэтгэлийг дээрх шалгууруудын дагуу дараах түвшингүүдээр оноо өгч үнэлнэ. Үүнд:

А – 90-100%

В – 80-89 %

С – 70-79 %

D – 60-69 %

F – 0-59 %

2.“Багш, бие хүн”-ий шинж, төлөвшлийн ерөнхий түвшнийг илрүүлэх ярилцлага:

1. Ярилцлага нь төгсөгчийн “багш, бие хүн”-ий шинж төлөвшлийн түвшинг үнэлэх зорилготой.

2. Ярилцлагын явцад төгсөгч тодорхой кейс сугалан түүн дээр ажиллаж өөрийн боловсролын онол, арга зүйн мэдлэг чадвар, хандлага, сэтгэлгээний түвшингээ үнэлүүлнэ.

3. Кейс ажилласан байдал дээр үндэслэн ярилцлагыг зохион байгуулна.

Кейс-ярилцлагыг үнэлэх шалгуур:

Хэл, ярианы чадвар

ü Үг, хэллэгийн сонголт

ü Харилцааны ерөнхий соёл

Шинжлэх ухаан ч хандлага

ü Ерөнхий үзэл баримтлалын байдал

ü Сэтгэц, сэтгэл зүйн үндэслэлтэй хандаж байгаа байдал

ü Танин мэдэхүйн зүй тогтлыг тооцоолж буй байдал

ü Бодит жишээ баримтад тулгуурлаж байгаа байдал

Суралцагчидтай ажиллах арга барил

ü Нас, сэтгэхүйн онцлогийг харгалзаж байгаа байдал

ü Ухаалаг, уян хатан хандлага

ü Хувь хүний хөгжил, төлөвшилтэй холбон хандаж байгаа байдал

ü Хамт олны хөгжил, төлөвшилтэй холбон хандаж байгаа байдал

Өөрийн үнэлгээ, дүгнэлт хийх чадвар

ü Үнэлгээ, дүгнэлтийн ерөнхий чанар

ü Өөрийн алдаанаас сургамж авч буй байдал

4. Төгсөгч тодорхой практик асуудлын шийдийг хайх, санал-хувилбар гаргах даалгавар дээр ажиллаж сурагчид болон хүнтэй ажиллах хандлага, ур чадварын төлөвшлийн байдлаа үнэлүүлнэ.

5. Ярилцлагыг сургуулийн захиргаанаас томилсон “Төгсөлтийн нэгдсэн шалгалтын комисс” авна.

6. Комисс нь оюутны тодорхой даалгавар гүйцэтгэх явцад нь түүний “багш, бие хүн”-д төлөвшсөн байх чанар, чадварын төлөвшлийн түвшинг тухайн нөхцөлд илрүүлэн ажиглаж үнэлнэ.

7. Үнэлгээний багийн гишүүд оюутан бүрийн даалгавар гүйцэтгэлийг дээрх шалгуурын дагуу дараах түвшингээр оноо өгч үнэлнэ. Үүнд:

А – 90-100%

В – 80-89 %

С – 70-79 %

D – 60-69 %

F – 0-59 %

5.4. Үнэлгээ:

1. Төгсөлтийн нэгдсэн шалгалтын ерөнхий үнэлгээг бие даасан ажлын гүйцэтгэл болон “багш, бие хүн”-ий шинж, төлөвшлийн ерөнхий түвшнийг илрүүлэх” ярилцлагын нэгдсэн үнэлгээгээр гарна.

2. Үнэлгээний багийн гишүүдийн нэг оюутанд өгсөн үнэлгээний дунджийг гишүүн бүрийн өгсөн онооны нийлбэрийн дунджаар гаргана.

3. Төгсөлтийн нэгдсэн шалгалтын дундаж үнэлгээ хангалтгүй үзүүлэлттэй гарвал тухайн төгсөгч хоёр жилийн дотор дахин гүйцэтгэж үнэлүүлнэ.

5.5. Төгсөлтийн нэгдсэн шалгалтад ороход тавигдах шаардлага:

1. Сурган сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх онол, дадлагын үнэлгээ (мэргэжлийн багш нар үнэлнэ)

2. Бүтээлийн сангийн үнэлгээ (Сургалтын алба нэгтгэнэ)

3. Хичээл бүрийн явцын үнэлгээ (Сургалтын алба нэгтгэнэ)

4. Оюутны нийгмийн оролцооны үнэлгээ (Анги удирдсан багш нар үнэлж нэгтгэнэ)

Эдгээрт 60-аас дээш рейтинг онооны үнэлгээ авсан оюутан төгсөлтийн нэгдсэн шалгалтад орно.

1. Оюутан сургалтын хөтөлбөрийг бие даан судалсан гэж үзээд өөрөө хүсвэл төгсөлтийн шалгалтыг урьдчилан өгч болох уян хатнаар зохион байгуулна.

2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар төгсөлтийн нэгдсэн шалгалтанд ороогүй шалтгаан нь бичиг баримтаар нотлогдож байгаа тохиолдолд сургалтын албанаас зөвшөөрлийн хуудас авч гаргасан хуваарийн дагуу шалгалтаа 1 удаа өгч болно.

3. Төгсөлтийн нэгдсэн шалгалтанд орохгүй байх хүндэтгэх шалтгаантай бол 14 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, шаардлагатай бичиг баримтыг хавсаргасан байна.

5.6. Бакалаврын ажил:

1. Бакалаврын ажил (Диплом) бичсэн оюутныг “Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил”-ын үнэлгээг хийснээр тооцно.

2. Бакалаврын ажил (Диплом) бичих оюутан сургалтын төлөвлөгөөнд заагдсан мэргэжлийн 3 гол хөтөлбөрт 70-аас дээш оноотой, үнэлгээний голч дүн 3.0 баллаас дээш байх нөхцөлүүдийг хангасан, судалгаа шинжилгээний ажлын арга зүй эзэмшсэн байна.

3. Уг нөхцөлийг хангаж байгаа хэдий ч бичих эсэх нь оюутны сонголтоос хамаарна. Бакалаврын ажлыг төгсөлтийн шалгалтын комисст хамгаалж үнэлүүлнэ.

Зургаа. Үнэлгээний голч дүн бодох

6.1 Үнэлгээний голч дүнг /ҮГД/ тооцохдоо, хичээл бүрийн процентон дүнг тоон дүнд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн харгалзах багц цагаар үржүүлж хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана.

6.2 Улирлын үнэлгээний голч дүнг дараах ерөнхий томьёогоор тооцоолно.

Тоон дүнг багц цагаар

Y1*K1+Y2*K2+...+Yn*Kn үржүүлсэн нийлбэр

Үнэлгээний Голч Дүн = ------------------------------------- = -------------------------------------

k1+k2+ ... +Kn багц цагийн нийлбэр

энд,

Y1, Ү2,…Үn - 1,2,...,n дугаар хичээлүүдийн тоон дүн

К1, K2,...,Kn - 1,2,...,n дугаар хичээлүүдийн харгалзах багц цаг

.

Оюутны үнэлгээний голч дүн нь сургуулийн нэгдсэн стандартад заасан үнэлгээний голч дүнгийн шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан цаашид суралцах үндэслэл болно.

6.3 Хангалтгүй оюутан :

Ø Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 0.7-баллаас доош бол "оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан" гэж үзнэ.

Ø Хангалтгүй суралцсан оюутанд анхааруулах хуудсанд нэрийг нь бичиж анхааруулна.

Ø Оюутан багшлах дадлага хийгээгүй болон хангалтгүй үнэлгээ авбал улиран суралцана.

Ø "Анхааруулах хуудас"-нд оюутны нэр гурван удаа бичигдвэл тэрхүү оюутныг сурлагаар тэнцээгүй гэж үзэж сургуулиас хасна.

Долоо. Диплом олгох

7.1 Бакалаврын зэргийн дипломыг 2,0 ба түүнээс дээш, Магистрын зэргийн дипломыг 3.0 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэйгээр суралцсан төгсөгчдөд олгоно.

7.2 Бакалаврын зэргийн дипломыг дараах шаардлага хангасан төгсөгчдөд олгоно.

· Сургалтын төлөвлөгөөний дагуу нийтдээ 120 ба түүнээс дээш кредит судалсан.

· Төгсөлтийн шалгалт болон диплом хамгаалалтанд 70 ба түүнээс дээш оноотой

· ҮГД 2,0-оос дээш үнэлгээ авсан төгсөгчдөд бакалаврын зэрэг олгоно.

7.3 Дипломын хавсралтад судалсан бүх хөтөлбөрийн үнэлгээг бичнэ.

7.4 Төгсөлтийн дипломын ажил, төгсөлтийн шалгалтанд 90-ээс дээш оноо авсан, суралцсан хугацааны ҮГД 3.7 -гоос дээш голч дүнтэй төгсөгчдөд Онцгойлох диплом олгоно.

7.5 Сургалтын төлөвлөгөөний дагуу 120 –оос доошгүй кредит судалсан, суралцсан хугацааны ҮГД 2,0-оос дээш, төгсөлтийн шалгалтанд 70 түүнээс дээш оноо авсан төгсөгчдөд диплом олгоно.

7.6 Дипломын зэрэгтэй дүүргэсэн төгсгөгч боловсролын бакалаврын зэрэг авах зорилгоор төгссөнөөс хойш 4 жилийн дотор саналаа гарган бакалаврын зэргийн нөхөн сургалтанд хамрагдан шалгалт өгч болно.

7.7 Бакалаврын зэрэг нөхөн олгох шалгалтыг сургуулийн захирлын тушаалаар баталсан комисс авна.

7.8 Оюутны онцгой авъяас чадварыг харгалзан, эзэмших мэргэжлээр нь судалгааны ажил хийлгэж, тусгай хөтөлбөрөөр эрдэмтэн багш нарыг дагалдуулан сургаж болно. Ийм оюутны суралцсан хугацааны мэргэжлийн болон мэргэшүүлэх хөтөлбөрт 90-ээс дээш хувь нь “А” гэсэн үнэлгээтэй, өөрөө хүсэлтээ гаргасан бол 4-р ангидаа магистрантурт давхар суралцуулж болно.

7.9 Магистрантаар элсэгчийн бакалаврын сурлагын голч дүн нь 2.3 (80%) –аас доошгүй байна.

7.10 Магистрантын эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээний тогтолцоо нь бакалаврын сургалтын адилаар 100 оноо ба (A, В, С, D, F) үнэлгээнд үндэслэнэ.

Найм . Нэмэлт тэмдэглэгээ

8.1 Багш үнэлгээний хуудсанд шаардлагатай тохиолдолд дараах нэмэлт тэмдэглэгээг тэмдэглэнэ.

Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна. Оюутан нь жилийн дотор дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, "A-F" үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.

Оюутан улирлын явцын 20 онооны шалгалт, шүүлэг өгөөгүй - "Е" Exam incomplete by the student

Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын явцын 20 онооны үнэлгээ гараагүй тохиолдолд "Е" тэмдэглэгээг тавиулж болно. "Е" тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан дараа жилийн дотор багтаж нөхөх шалгалт өгсөн байна.

Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн – "R" Repeating a course

Оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй, эсвэл явцын үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд "R" тэмдэглэгээг дүнгийн хуудсанд сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тавиулж болно. Оюутан нь тухайн хичээлээр энэ тэмдэглэгээг сургалтын албанаас тавиулсан тохиолдолд уг хичээлийг жилийн дотор дахин судалж үнэлгээг дээшлүүлэх эрхтэй. Оюутан дахин суралцахаар бүртгүүлсэн хичээлийг, шинээр үзэхээр сонгосон хичээлүүдийн нэгэн адилаар бүртгэж төлбөрийг төлүүлнэ.

Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан- "W" Withdrawal

Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, лаборатори, дадлага, бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд "W" тэмдэглэгээ тавина. Тэмдэглэгээ авсан оюутан харъяа мэргэжлийн тэнхимээс тодруулга хийж дараах тэмдэглэгээг тавина.

"WА" - сургуулиа орхисон,

"WP" - сургуулиас шилжсэн,

"WC" - сахилгаар тэнцээгүй.

Кредит - "CR" Credit granted. Магадлан итгэмжлэлд орсон дээд сургууль, коллежиудаас шилжин ирж буй оюутнуудын үзэж судалсан хичээлийн кредитийг бүрэн тооцож, кредитээ тооцуулж болно.

Төгсөв.

2018 он