Сургуулийн дотоод журам

Захирлын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн

28 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

“ГУРВАН-ЭРДЭНЭ’’ БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь “Гурван-Эрдэнэ” БДС-ийн сургалт, эрдэм шинжилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд үүсэх харилцааг зохицуулна.

1.2 Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн тус сургуулийн багш, оюутан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөнө.

1.3 Дотоод журамд оруулах өөрчлөлтийн тухай үндэслэл, саналаа хамт олны гишүүн сургуулийн захиргаанд албан ёсоор тавьж зохих журмын дагуу шийдвэрлүүлж болно.

1.4 Дотоод журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хоёр. Хяналт, шалгалт

2.1 Энэхүү дотоод журмын биелэлтэд хяналт тавихыг захиргааны зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.

2.2 Дотоод журмын биелэлтийг сар тутам сургуулийн захиргааны зөвлөл гаргаж, улирал тутам, хамт олны хуралд мэдээлж, хагас, бүтэн жилээр дүгнэлт хийж ажиллана.

Гурав. Ажлын цаг, үр дүн

3.1 Багш, ажилтан болон оюутны ажлын цагийг тооцох, урамшуулах, зэмлэл шийтгэл хүлээлгэх зэрэг асуудлыг тус улсын хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмууд, хөдөлмөрийн гэрээг баримталж шийдвэрлэнэ.

3.2 Тус сургуулийн хичээл 90 минут үргэлжлэх бөгөөд 10 минут завсарлана. Хичээлийн 45 минутыг ажлын 1 цагт тооцно. Хичээлийн болон шалгалтын хуваарийг сургалтын алба гаргаж, захирал баталж, мөрдөнө.

3.3 Багш, ажилчдад түр чөлөө олгох асуудлыг доорх байдлаар шийднэ.

- Багш, ажилтан чөлөө авах тухайгаа нэг өдрийн өмнө санхүү-үйлчилгээний албанд бичгээр хүсэлт гаргаж зөвшөөрөл авна.

- Багш, ажилтан улиралд 1-2 удаа 4 цаг хүртэл хугацаагаар цалинтай чөлөө авч болно. Нэгээс дээш өдрийн чөлөөг сургуулийн захирал хууль тогтоомжийн дагуу олгоно.

- Төрөл төрөгсөд /төрсөн эцэг, эх, эхнэр, хүүхэд/ нас барсан тохиолдолд гурав хоног цалинтай чөлөө олгоно. Бүрдүүлэх материал: нас барсан гэрчилгээний хуулбар

3.4 Ажил, амралтын цаг, өдрийг тогтоох, шилжүүлэх тухай асуудлыг мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу захиргааны зөвлөл шийдвэрлэх бөгөөд энэ тухай хамт олны хуралд мэдээлж байна.

3.5 Хөдөлмөрийн хөлс тооцох, хөхүүлэн дэмжих, зэмлэж шийтгэхдээ хууль тогтоомж, хамт олны үнэлэлт, дүгнэлтийг харгалзан, захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэнэ.

3.6 Ажил хөдөлмөртөө онцгой амжилт гаргасан багш, ажилчдын цалинг нэмэх, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, шагналд тодорхойлох зэргээр урамшуулна.

Дөрөв. Ажилд авах, халах, хариуцлага хүлээлгэх,

төлбөр тооцоо хийх

4.1 Ажилтан (ажилчин) ажлаас халагдах өргөдлөө 30 хоногийн өмнө захиргаанд өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй гэж үзнэ. Тус сургуульд ажиллуулах, ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд тухайн үед мөрдөгдөж буй хууль тогтоомжийг баримтална.

4.2 “Гурван-Эрдэнэ” БДС-д суралцагч оюутны сурлага, хүмүүжил, төлбөр тооцооны тухай асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн захирлын тушаалаар батламжлан мөрдөнө.

4.3 Тус сургуульд суралцагсдын төлбөрийг 1 кредит цагт ноогдох зардлаар тооцож, холбогдох байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тогтооно

4.4 Төлбөрийн тухай асуудлыг сургуулийн захиргаа болон хувь хүн, төлөөлөх этгээдтэй хийсэн албан ёсны гэрээг үндэслэн шийдвэрлэх бөгөөд шаардлагатай асуудлыг захиргааны зөвлөлөөр хэлэлцэж үр дүнг хамт олны хуралд мэдээлнэ.

4.5 Сургалтын төлбөрийг оюутан тогтоосон хугацаанд төлөөгүй бол 10 хүртэл хувийн торгууль ноогдуулж, эс зөвшөөрвөл сургуулиас чөлөөлнө.

4.6 Оюутны сурлага, хүмүүжил, мэдлэг чадварын байдлыг үнэлэхдээ тус сургууль дээр мөрдөгдөж буй журмыг баримтална.

Тав. Хичээлийн байр

5.1 Хичээлийн байр нь багш, ажилтан, оюутныг ажиллах, сурах хэвийн нөхцлөөр хангахуйцаар зохион байгуулагдсан байна.

5.2 Хичээлийн байранд сургалтын албаны ажилтан нар хуваарийн дагуу хариуцлагатай жижүүр хийнэ.

5.3 Хичээлийн байранд дараах үйлдлүүдийг хориглож, зөрчсөн тохиолдолд зэмлэн буруушааж, зарчмын шаардлага тавихыг хамт олны гишүүн бүрд зөвшөөрнө. Үүнд:

5.3.1 Малгай, гадуур хувцастай хичээлийн анги танхимаар орж гарах, явах;

5.3.2 Хичээлийн үед бусдадаа нөлөөлөх, хичээлийн явцад багш, оюутныг хичээлээс хөндийрүүлэх, багш, оюутан хичээлийн цагаас хожимдох, урьдаж тараах, хичээл таслах хичээлийн цагт хичээлээс өөр ажил эрхлэх;

5.3.3 Цаас, бусад хогийг зориулалтын бус газар хаях, цонхны тавцан дээр гарч суух, байрын хаалга, хана, цонх, эд хогшил, ширээн дээр эрээчих, зурах, бохирдуулах, эд хогшил тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэнг эвдэх, гэмтээх, гамгүй эдлэх, сургуулийн захиргаа эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим хичээлийн байрнаас эд хөрөнгө, сургалтын техник хэрэгсэл авч гарах, шилжүүлэн зөөх, хуваарьт байрыг дур мэдэн сольж, ашиглах

5.3.4 Цонх, салхивч, усны цорго онгорхой орхих;

5.3.5 Хичээлийн хуваарийг дур мэдэн хойш, урагш шилжүүлэн өөрчлөх;

5.3.6 Архи дарс уух, тамхи татах;

5.3.7 Хууль ёс, нийгмийн хэв журам, сургуулийн үйл ажиллагааны дотоод журам зөрчих зэрэг болно.

5.4 Ангиудын эд аж ахуйг эд хариуцагч бүртгэн, ангийн багш, ахлагчид картаар хүлээлгэж өгнө.

5.5 Сургуулийн ариун цэврийг тухайн өдрийн хариуцлагатай жижүүр хариуцна.

5.6 Хичээлийн байрыг хуваариас гадуур ашиглах тохиолдолд 1-2 хоногийн өмнө сургуулийн удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл авна.

5.7 Багш, оюутан, ажилтан нар хичээлийн байранд ажлын ба оюутны үнэмлэхээ жижүүрт шалгуулж орно.

Зургаа. Элсэлт, хөтөлбөр сонголт, шилжин суралцах

6.1 Сургуульд элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтаар 400 түүнээс дээш оноо авсан байна.

6.2 Элссэн оюутнууд нэгдүгээр ангидаа сургалтын төлөвлөгөөнд заагдсан ерөнхий суурь, мэргэжлийн суурь хичээлийг судална. Хоёрдугаар ангид дэвшин суралцахдаа оюутан суралцах хөтөлбөрөө өөрчлөн сонгож болно.

6.3 Нэгдүгээр ангид элссэн хөтөлбөрөөр тухайн жилд анги бүрдээгүй тохиолдолд оюутан өөр хөтөлбөр сонгох эсвэл ижил төвшиний сургуульд шилжин суралцана.

6.4 Шилжин суралцаж байгаа оюутан сургалтын төлбөр болон бусад тооцоог дуусгаж, сургуулиас суралцсан хугацааны тодорхойлолтыг авна.

Долоо. Оюутанд чөлөө олгох

7.1 Оюутан жилийн чөлөө авах өргөдөл гаргасан тохиолдолд ар гэр, эцэг эхтэй нь зөвшилцсөний дараа дурдсан шалтгааныгсудлан үзэж чөлөө олгоно.

7.2 Цагийн болон 1-7 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургалтын алба сард 1 удаа олгоно.

7.3 7-14 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургуулийн захиргаа улиралд 1 удаа олгоно. Чөлөөтэй ба өвчтэй байх хугацаанд тасарсан хичээлийг 14 хоногийн дотор нөхөн гүйцээж хичээл орж буй багш нарт шалгуулан тасарсан цагийг засуулж болно.

7.4 Нэг жилийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн 4 жилд 1-2 удаа сургуулийн захиргаа олгоно.

7.5 Чөлөө авахыг хүссэн оюутан өөрийн биеэр заавал ирнэ.

7.6 Дараах тохиолдолд оюутанд урт хугацаагаар чөлөө олгож болно.

7.6.1 Эмчийн магадлагаа, эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн

7.6.2 Ар гэрийн гачигдал, оюутны хүсэлт, засаг захиргаа ба эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг харгалзан

7.6.3 Сургалтын төлөвлөгөөний биелэлт 60 хувиас доош байгаа тохиолдолд багш нарын зөвлөгөөний хурлын шийдвэрийг үндэслэн

7.6.4 Шүүлэг, шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь өгөөгүй бол

7.6.5 Тусгай хууль тогтоомжийн заалтын дагуу

Найм. Сургуулиас хасах

8.1 Сургуулийн дүрэм, дотоод журмыг хоёр дахь удаагаа ноцтой зөрчсөн

8.2 Гэмт хэрэг үйлдсэн

8.3 Нэг улиралд гурав буюу түүнээс дээш хичээлд "хангалтгүй " суралцсан

8.4 3 улирал дараалан "хангалтгүй" суралцсан суралцагчийг сургуулиас хасна.

Ес. Сургалтын төлбөр хураах, хөнгөлөх, буцааж олгох

9.1 Сургалтын төлбөр авах

9.1.1 Оюутны сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр тогтооно.

9.1.2 Оюутны сургалтын төлбөрийг дансаар авна.

9.1.3 Нэгдүгээр ангийн оюутан хичээл эхлэхийн өмнө сургалтын төлбөрөө төлж, сургалтын гэрээ хийсэн байна.

9.1.4 Хоёроос дөрөвдүгээр ангийн оюутнууд сургалтын төлбөрөө хоёр хувааж төлөхийг зөвшөөрнө. Тэгэхдээ эхний хэсгийг жил бүрийн 9 дүгээр сарын 01-ээс 9 дүгээр сарын 15-ны дотор, үлдсэн хэсгийг дараа оны 2 дугаар сарын 01-ээс 2 дугаар сарын 15-ны дотор төлнө. Энэ хугацаанд төлөхгүй бол 10 хүртэл хувийн торгууль ноогдуулах, суралцах хугацааг хойшлуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авна.

9.2 Сургалтын төлбөрийг хөнгөлөх

9.2.1 Сурлага, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд амжилт гаргасан /2 ба түүнээс дээш улирал дараалан “А”үнэлгээтэй суралцсан, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, тэргүүн байр эзэлсэн, бүтээл туурвисан гэх мэт/, амьдрал нь онцгой гачигдалтай боловч амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хамт олон, тэнхимийн саналыг үндэслэн 50 хүртэл хувиар хөнгөлнө.

9.3 Сургалтын төлбөрийг буцааж олгох

9.3.1 Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн оюутан төлбөрөө буцааж авахгүйгээр жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөрөөрөө үргэлжлүүлэн суралцана.

9.3.2 Сургалтын төлбөрөө дутуу төлсөн оюутан жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөр дээрээтухайн жилийн сургалтын төлбөрийн зөрүүг төлж үргэлжлүүлэн суралцана.

9.3.3 Хичээлийн жилийн эхэнд болон дундуур оюутан сургуулиас гарах буюу чөлөө авах шалтгаанаар сургалтын төлбөрөө буцааж авахыг хүсвэл:

· Хагас жилийн төлбөрөө хийсэн оюутан тухайн улирлын 50%-аас дээш хугацаанд суралцсан бол төлбөр буцааж олгохгүй бөгөөд 50%-аас доош хугацаанд суусан бол суралцсан хугацааны төлбөрийг бодож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.

· Сургалтын албанд гаргасан өргөдлийг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

9.3.4 Ямар ч тохиолдолд суралцсан хугацааныхаа сургалтын төлбөрийг төлөх үүргийг оюутан хүлээнэ.

9.4 Суралцсан хугацаа, төлбөрийн тооцоо

9.4.1 Тухайн оюутан сургуулиас гарах болон жилийн чөлөө авахыг хүсэж өргөдөл өгсөн өдрөөр суралцсан хугацааг тасалбар болгон тооцоог хийнэ.

9.4.2 Суралцах хугацааг долоо хоногоор тооцох бөгөөд тухайн улирлын хугацааг 16 долоо хоног гэж тооцно. Нэг улиралд ноогдох сургалтын төлбөрийг 16 долоо хоногт хувааж нэг долоо хоногт ноогдох сургалтын төлбөрийн хэмжээг тогтооно. /жишээлбэл, тухайн улирлын хичээл эхэлснээс хойш гурван долоо хоног болсны дараа оюутан сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд 16-3=13 гэж бодох ба хагас жилийн сургалтын төлбөр 210000 төгрөг бол (210000:16)х13 гэж төлбөрийг олгоно./

9.5 Сургууль нь хандиваар оюутан элсүүлэхгүй, ямар нэг хууль бус төлбөр хураамж авахгүй байх.

Арав . Дугуйлан ажиллуулах

10.1 Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, сонирхлыг төрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дугуйлан / яруу найраг, утга зохиол, эрдэм шинжилгээ, гэрэл зураг, уран бичлэг г.м/ ажиллуулна.

10.2 Дугуйлан жилд 32 цагаас доошгүй хугацаагаар хичээллэх бөгөөд түүний агуулга, арга зүйг удирдсан багш боловсруулна.

10.3 Дугуйланд оюутнууд сонирхлынхоо дагуу бүртгүүлэн хичээлийн бус цагаар суралцах бөгөөд дугуйлангийн гишүүд жил бүр ажлаа тайлагнана.

Арван нэг. Сургуулийн дотоод журам зөрчигчдөд

хүлээлгэх хариуцлага

11.1 Сургуулийн дотоод журам зөрчигчдөд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ.

11.1.1 Хамт олон, удирдлагын зүгээс сануулах;

11.1.2 Тодорхой хугацаагаар цалинг 20 хувь хүртэл бууруулах /Уг заалт оюутанд хамаарахгүй/;

11.1.3 Сургуулиас /ажлаас/ чөлөөлөх;

Төгсөв.