Сургуулийн дүрэм
Удирдах зөвлөлийн 2007 оны 12 дугаар
сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын
01 дүгээр хавсралт
“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн (цаашид “Сургууль” гэнэ) үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 Сургууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, сургуулийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.3 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны тусгай зөвшөөрлөөр баталгаажин “Дээд сургууль”-ийн ангилалд хамаарагдсан сургалтын байгууллага мөн.
1.4 Сургууль нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулна.
1.5 Сургуулийн албан ёсны нэрийг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль гэх бөгөөд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлана.
1.6 Сургуулийн албан ёсны нэрийн англи орчуулга нь “Gurvan-Erdene” Pedagogical Institute гэж бичигдэнэ.
1.7 Сургуулийн үүсгэн байгуулагч нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 15-р хорооны иргэн Арцат овгийн Сандуйжавын Долзодмаа /хаяг нь: Сонгино хайрхан дүүрэг нэгдүгээр хороолол 20-32 тоот/ мөн.
1.8 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэг хүлээж, эрх эдлэх хуулийн этгээд бөгөөд тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга-тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэл (эмблем), тугтай байна.
1.9 Сургуулийн үндсэн зорилт нь иргэнд дээд боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа эрхлэн шинэ мэдлэг бүтээх, хүн амд мэдлэг түгээх, боловсрол соёлын төвшинг дээшлүүлэхэд оршино.
1.9.1 Сургуулийн эрхэм зорилго нь
“Суралцагчдын амьдралын баталгаа болохуйц, сурлагын чанартай үйлчэлгээ” хэмээн тодорхойлогдоно.
Хоёр. Сургуулийн бүтэц зохион байгуулалт
2.1 Сургуулийн зохион байгуулалтын бүтцийг Удирдах зөвлөл тогтооно.
2.2 Сургууль нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах зохион байгуулалтын үндсэн нэгж сургалтын алба, санхүү үйлчилгээний алба, мэргэжлийн тэнхимүүд, номын сан, захиргааны зөвлөлийг ажиллуулах бөгөөд нэгж тус бүрийг удирдлагаар хангана.
2.3 Сургууль нь санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болно.
2.4 Судалгааны ажлын үр дүнг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа профессорын баг нь сургуулийн магистрантурын сургалтыг удирдаж явуулна.
2.5 Сургууль нь өөрийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу салбартай байж болно.
2.5.1 Сургуулийн салбар, харьяа байгууллага байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах асуудлыг үүсгэн байгуулагч шийдвэрлэх бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох журмын дагуу зөвшөөрөл авна.
2.5.2 Сургууль түүний салбар, харьяа байгууллагыг өөрчлөх, татан буулгахад суралцагч, ажилтнуудын эрх ашгийг хохироолгүйгээр зохицуулах үүргийг үүсгэн байгуулагч хариуцна.
2.6 Сургуулийн салбар болон бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие даан ажиллаж, ажлын чанар, үр дүнг сургуулийн удирдлагын өмнө хариуцна.
2.7 Сургуулийн харьяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.
2.8 Сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг сургуулийн дүрмээр тогтооно.
Гурав. Сургуулийн удирдлага
3.1 Сургуулийн удирдлагын тогтолцоонд Үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Захирал, Сургалтын албаны дарга, Тэнхимийн эрхлэгч, Санхүү үйлчилгээний албаны дарга нар хамаарагдана.
3.2 Үүсгэн байгуулагч нь боловсролын хууль тогтоомжид заагдсан үүрэг хүлээж, доор дурдсан эрхийг эдэлнэ.
3.2.1 Сургуулийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, сургалтын үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох,
3.2.2 Сургуулийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 56 хувийг томилох, эгүүлэн татах, бусад төлөөллийн гишүүнийг хангалтгүй ажиллаж буй хэмээн үзвэл томилсон этгээдэд нь мэдэгдэх, эгүүлэн татахыг шаардах,
3.2.3 Удирдах зөвлөлийн дарга, сургуулийн захиралд нэр дэвшүүлэх, сургуулийн захирлыг томилсон тухай Удирдах зөвлөлийн шийдвэрийг батламжлах,
3.2.4 Сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих,
3.3 Сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
3.4 Сургуулийн Удирдах зөвлөлийг Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь тухайн багш нарын хурлаас сонгогдсон, үндсэн багшийн орон тоон дээр ажилладаг байна. Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.
3.5 Удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг гүйцэтгэнэ.
3.5.1 Сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах
3.5.2 Сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах
3.5.3 Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох
3.5.4 Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих
3.5.5 Хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох
3.5.6 Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох
3.5.7 Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх
3.6 Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
3.7 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол аргазүйн төвшин, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гарах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт аргазүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий “Эрдмийн зөвлөл”-тэй байна.
3.8 Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ.
3.9 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Хуралдааны хооронд Эрдмийн зөвлөлийг төлөөлөх тэргүүлэгчид, түүний чиг үүрэгт хамаарах үндсэн асуудлаар төрөлжсөн хороод ажиллаж болно. Эрдмийн зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байна.
3.10 Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
3.11 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь томилсон этгээдэд болон Удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ.
3.12 Захирал сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, үүсгэн байгуулагчтай хийсэн гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг албан тушаалтанд түр орлуулан гүйцэтгүүлж болно. Ийнхүү орлосон этгээдийн шийдвэрийн хариуцлагыг захирал хүлээнэ.
3.13 Захирал дараах эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
3.13.1 Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан, Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
3.13.2 Багш ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдүүлэх;
3.13.3 Бүтцийн нэгж, бүрэлдэхүүн, харьяа сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах;
3.13.4 Суралцагчдын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх;
3.13.5 Суралцагчдадаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд зуучлах, төгсөгчдөө ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлэх;
3.13.6 Багш, эрдэм шинжилгээний ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, тэднийг хөгжүүлэх;
3.13.7 Сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах;
3.13.8 Сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх;
3.13.9 Сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны түншлэлийг өргөжүүлэх;
3.13.10 Иргэдийн боловсрол, соёлын төвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх;
3.13.11 Сургуулийн багшийн мэргэжлийн ёсзүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах;
3.13.12 Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг;
3.14 Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захиргааны зөвлөл захирлын дэргэд ажиллаж болно. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн захирал батална.
3.15 Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхардуулалгүй дугаарлана.
3.16 Сургуулийн үндсэн чиг үүргийн тодорхой хэсгийг хариуцсан дэд захирал(ууд) Удирдах зөвлөлийн баталсан орон тооны дагуу ажиллана.
3.17 Сургалтын алба нь хичээл, дадлага, судалгааны ажлыг сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу боловсролын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулах, сургалтын үйл ажиллагааны мониторинг, хяналт-үнэлгээ, статистик, багш, оюутны асуудал эрхлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллана. Сургалтын албыг сургалтын албаны дарга удирдах бөгөөд даргад нэр дэвшигчийг Үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр, захирлын тушаалаар томилон ажиллуулна.
3.18 Сургалтын албаны дарга дор дурдсан чиг үүргийг хүлээж ажиллана.
3.18.1 Сургалтын агуулга, аргазүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсронгуй болгох бодлого, хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн ажиллах, хичээл, шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих;
3.18.2 Судалгаа шинжилгээний ажлын ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулж, байнгын удирлагаар хангах;
3.18.3 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд агуулгын хяналт тавих;
3.18.4 Багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг чадваржуулах, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах талаар байнгын арга хэмжээ авч ажиллах, үндсэн багш нартай гэрээ хэлцэл байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
3.18.5 Холбогдох дүрэм, журам, тушаал, заавар, зөвлөмжийн төсөл боловсруулах, удирдлагыг өөрийн хариуцсан чиглэлийн мэдээлэл, тооцоо, судалгаагаар тогтмол хангах;
3.18.6 Дадлага хийх бааз газруудтай гэрээ байгуулах, дадлагыг биечлэн зохион байгуулах, дүгнэх;
3.18.7 Номын сангийн ажлыг удирдан чиглүүлж, хяналт тавих, номын фондыг өргөжүүлэх талаар байнгын арга хэмжээ авч ажиллах;
3.18.8 Элсэлтийн ажлыг гардан зохион байгуулах, тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо, элсүүлэх мэргэжлийн чиглэл, шалгалт авах арга хэлбэр, оюутны сургалтын төлбөрийн хэмжээний талаар тооцоо судалгаа гаргаж, санал боловсруулан шийдвэрлүүлэх;
3.19 Сургалтын албаны дарга дор дурдсан эрхтэй.
3.19.1 Захирлын эзгүйд түүнээс олгосон эрх мэдлийн хүрээнд орлон ажиллах, байгууллагыг төлөөлөх;
3.19.2 Хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудал боловсруулан шийдвэрлүүлэх, шаардлага тавих;
3.19.3 Эрх мэдлийнхээ хүрээнд сургалт, судалгааны ажлын талаар холбогдох байгууллага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
3.19.4 Багш, эрдэм шинжилгээний болон сургалтын албаны ажилтнууд, уг албанд харъяалагдах сургалт, судалгааны бусад нэгжийн ажлыг дүгнэн, цаашдын зорилтыг дэвшүүлэх, шагнал урамшил олгуулах, албан тушаалын шатлалд дэвшүүлэх, бууруулах, шаардлагатай нөхцөлд тухайн багш, ажилтныг ажиллуулахаас татгалзах, нэгжийн удирдлагыг өөрчлөн томилуулах санал тавьж шийдвэрлүүлэх, багш, ажилтан, оюутанд түр хугацааны чөлөө олгох;
3.19.5 Өөрийн удирдлагад ажиллах багш, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж, биелэлтэд нь хяналт тавих;
3.20 Санхүү-үйлчилгээний албаны дарга нь сургалтын хэвийн үйл ажиллагааг санхүү, эдийн засгийн талаас ханган баталгаажуулах, сургуулийн материаллаг бааз, өмч хөрөнгийг арвижуулан бэхжүүлэх, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны мониторинг, хяналт-үнэлгээ, статистик, тайлан, дүн мэдээг хариуцах, төсвийн төсөл боловсруулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллана. Албаны даргыг Үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр, захирлын тушаалаар томилон ажиллуулна.
3.21 Санхүү, аж ахуйн албаны дарга дор дурдсан чиг үүрэг хүлээнэ.
3.21.1 Удирдлагыг санхүү, эдийн засгийн холбогдолтой мэдээлэл, тооцоогоор хангах, тайлан, дүн мэдээг холбогдох журам зааврын дагуу боловсруулан гаргах;
3.21.2 Байгууллагын санхүү, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл, жилийн төсвийг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулж ажиллах;
3.21.3 Ажиллагч, суралцагчдын нийгмийн баталгааг сайжруулах бодлого, арга хэмжээ төлөвлөн ажиллах;
3.21.4 Үйлчилгээний албан хаагчдын асуудал, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан удирдах;
3.21.5 Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, зориулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тогтмол хугацаанд тооллого зохион байгуулах;
3.21.6 Өр авлагыг барагдуулах ажлыг гардан зохион байгуулах;
3.21.7 Сургуулийн байрын хангамж, тохижилт, дизайн, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг дээшлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, дэг журмын байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах;
3.22 Санхүү - үйлчилгээний албаны дарга дор дурдсан эрхтэй.
3.22.1 Захирлаас олгосон эрх мэдлийн хүрээнд байгууллагыг төлөөлөх,
3.22.2 Хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудал боловсруулан шийдвэрлүүлэх, шаардлага тавих,
3.22.3 Эрх мэдлийнхээ хүрээнд санхүү, аж ахуйн ажлын талаар холбогдох байгууллага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих,
3.22.4 Санхүү, аж ахуйн албаны ажилтнууд болон уг албаны харьяа үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжийн ажлыг дүгнэн, цаашдын зорилтыг төлөвлөх, шагнал урамшил олгуулах, албан тушаалын шатлалд дэвшүүлэх, бууруулах, шаардлагатай нөхцөлд тухайн ажилтныг ажиллуулахаас татгалзах, нэгжийн удирдлагыг өөрчлөн томилуулах санал тавьж шийдвэрлүүлэх, харьяалагдах ажилтандаа түр хугацааны чөлөө олгох,
3.22.5 Өөрийн удирдлагад ажиллах ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж, биелэлтэд нь хяналт тавих,
3.23 Тэнхим нь хичээл, дадлага, судалгааны ажлыг шууд эрхлэх сургалтын үндсэн нэгж бөгөөд үйл ажиллагаагаа амьдрал, хэрэглээнд чиглүүлж, шинжлэх ухааны онол, аргазүйн өндөр төвшинд зохион явуулах үүрэг хүлээнэ. Тэнхимийг тэнхимийн эрхлэгч удирдана.
3.24 Тэнхимийн эрхлэгч дор дурдсан чиг үүрэгтэй.
3.24.1 Тэнхимээс эрхлэн явуулах сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах;
3.24.2 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн биелэлтийг биечлэн хариуцаж, багш, ажилтан, оюутныг аргазүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаандаа хяналт-шинжилгээ, үнэлгээний систем нэвтрүүлэн ажиллах;
3.24.3 Багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарт тогтмол хяналт тавьж, тэдний мэдлэг, чадвар, боловсрол, эрдмийн зэрэг, цол, заах аргазүйг дээшлүүлэх хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллах;
3.24.4 Тухайн жилд хичээл заалгах багш, эрдэмтдийн хуваарь, хичээл, дадлага, судалгааны ажлын зардлын тооцоо, төсөв, цагийн ачааллын мэдээ, шинээр бүрдүүлэх ном, хэвлэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалга-жагсаалт зэргийг боловсруулах, цагийн багш нартай түр гэрээ хэлцэл байгуулж захирлаар баталгаажуулна.
3.25 Тэнхимийн эрхлэгч доор дурдсан эрхтэй.
3.25.1 Хичээл, дадлага, судалгааны ажил, бусад ажлын талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх, шаардлага тавих;
3.25.2 Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын чанар, үр дүн, мэдлэг, чадварын талаар үнэлэлт дүгнэлт өгөх, тэднийг шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх талаар сургуулийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх;
3.25.3 Эрдэм шинжилгээний дугуйлан, хамтлаг байгуулан ажиллуулах, мэргэжлийн чиглэлээр уралдаан, тэмцээн зохион явуулах, төсөв, удирдамжийг нь батлуулах;
3.26 Бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг сургуулийн дүрэмд нийцүүлэн захирлын тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна.
3.27 Сургууль нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчид, төгсөгчдийн сурлага, олгосон боловсролын баримт бичгийн талаарх мэдээллийг алдагдахгүй, засвар өөрчлөлт хийхгүй, бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
3.28 Сургууль татан буугдсан тохиолдолд архивыг зохих ёсоор бүрдүүлж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө.
Дөрөв. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа
4.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн дээд боловсрол олгох сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат гэсэн хэлбэртэй байна. Сургууль нь үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчдэд зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай сургалт зохион байгуулна.
4.2 Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжил, сургалтын чиглэл, төвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална.
4.3 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.
4.4 Сургуулийн өдөр, орой хичээлийн жил 9-р сарын 1-ний өдөр эхэлнэ. Эчнээ, экстернат хэлбэрийн сургалтын хичээлийн жил эхлэх хугацааг сургалтын төлөвлөгөө буюу холбогдох журмын дагуу зохицуулна.
4.5 Сургууль дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаандаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтална.
4.6 Суралцагчид суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн удирдлага дор гүйцэтгэх үйлдвэрлэлийн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Дадлагыг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирлын баталсан хөтөлбөр, дүрмийн дагуу явуулна.
4.7 Суралцагчийн мэдлэг чадварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн боловсруулж, сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэн баталсан сургуулийн хэмжээнд мөрдөх журмын дагуу дүгнэнэ.
4.8 Суралцагч элсүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтална.
4.9 Сургууль төгсгөгчдөдөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.
4.10 Сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.
Тав. Сургуулийн багш, бусад ажилтан
5.1 Сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна. Сургуулийн багшийн албан тушаалын нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмыг үндэс болгоно.
5.2 Багш тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг гэрээ, контрактад тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх хариуцлага, тусгай шаардлага, ёсзүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой тусгасан байна.
5.3 Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш сонгож авна.
5.4 Сургуулийн багш дараах эрх эдэлнэ.
5.4.1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернэтэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)- оор хангуулах;
5.4.2. Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;
5.4.3. Суралцагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх;
5.4.4. Үндсэн ажлын чөлөө цагаар мэргэжил сонирхлын дагуу бусад байгууллагад гэрээгээр ажиллах;
5.4.5. Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах;
5.4.6. Судалгаа шинжилгээний ажил хийж багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх, шагналд тодорхойлуулах;
5.4.7. Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх;
5.4.8. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэн мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолны нэмэгдэл авах, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх;
5.4.9. Бүтээлийн чөлөө авах болон мэргэжил дээшлүүлэх. /хугацаа 1 сар хүртэл. Энэ тохиолдолд багшийн цалинд өөрчлөлт орохгүй./ ;
5.4.10. Сургуулийн эрдмийн зөвлөлөөр бүтээлээ хэлэлцүүлэх;
5.4.11. Ном бүтээлээ хэвлүүлэхдээ сургуулийн захиргаатай харилцан тохиролцож санхүүгийн дэмжлэг авах;
5.4.12. Тус сургуульд 3-аас дээш жил ажилласан багш “Сургуулийн багш ажилтнуудад үйлчлэх зээлийн сангийн дүрэм”-ийг үндэслэн зээл авах;
5.4.13. Багшид хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд 3 хоногийн цалинтай чөлөө авах;
5.4.14. Тус сургуульд 3-аас дээш жил ажилласан багш дадлагажигч оюутантай байх;
5.4.15. Тус сургуульд 5-аас дээш жил ажилласан багш хичээлийнхээ 3/1 хүртэл хувийг танхимын бус хэлбэрээр болон дадлагажигч оюутнаар заалгах, хичээл заалгасан оюутандаа урамшуулал олгуулах /энэ тохиолдолд багшийн цалинд өөрчлөлт орохгүй./ ;
5.4.16. Хууль тогтоомжид заасан бусад эрх;
5.5. Багш дараах үүрэгтэй
5.5.1. Сургуулийн дүрэм, дотоод журмыг биелүүлэх;
5.5.2. Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, болосролын стандартыг хэрэгжүүлэх;
5.5.3. Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;
5.5.4. Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах;
5.5.5. Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;
5.5.6. Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;
5.5.7. Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
5.5.8. Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих;
5.5.9. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах;
5.5.10. Удирдлагын зүгээс даалгасан ажил үүргүүдийг эрхэлж буй албан тушаалын хүрээнд биелүүлэх;
5.5.11. Оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн ажиллаж, нийгэм, соёл, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох ;
5.5.12. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, ном сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх, тест боловсруулах;
5.5.13. Сургалтын албаны даалгаснаар, өвчтэй болон чөлөөтэй багшийн хичээлийг орлон заах;
· Хамтарсан судалгааны ажил хийх;
· Дугуйлан удирдах;
· Зөвлөгчөөр ажиллах ;
· Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах;
· Оюутан шавилан суралцуулах;
5.5.15 Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
5.5.16 Ажлын цагаараа өөрийн бүх анхаарал, мэдлэг чадвараа сургуулийн ашиг сонирхлын дагуу үүрэгт ажлаа биелүүлэхэд бүрэн зориулах, сургуулийн ашиг сонирхолд үл нийцэх буюу багшийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад болох аливаа нэмэлт давхар ажил хийхгүй байх, нэмэлт ажил хийх шаардлага гарвал сургалтын алба, захиралд мэдэгдэж зөвшөөрөл авсан байх
5.5.17 Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар санаачлага гарган ажиллаж, шинжлэх ухаан технологийн нээлт, ололт амжилттай танилцаж, багшлах үйл ажиллагаандаа ашиглах
5.6. Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох ба “Багшийн дүрэм”-д тусгана.
5.7. Багшийн ажлыг дүгнэх асуудлыг “Багшийн дүрэм”-д тусгана. Энэхүү дүрэмд багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион байгуулах журмыг тодорхой тусгасан байна.
5.8. Захиргаа аж ахуй, инженер- техникийн, үйлдвэрлэлийн, сургалт, судалгааны туслах ажилтан болоод бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр зохицуулагдана.
5.9. Сургуулийн ажилтанд үйлчлэгч, жижүүр, санхүүгийн албаны ажилтан, сургалтын албаны туслах ажилтан, номын санч нар хамаарагдана.
5.10. Ажилтнууд нь хуулинд зааснаас гадна дор дурдсан эрхтэй.
5.10.1. Үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангуулах;
5.10.2. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх нийгмийн зохих хангамж хөнгөлөлт эдлэх;
5.10.3. Чөлөө авах;
5.10.4. Ажлын чанар үр дүнгийн талаар дүгнэлт гаргах;
5.10.5. Сургуулийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх ;
5.10.6. Шагнал урамшуулал хүртэх эрхтэй;
5.11. Ажилтнууд Хөдөлмөрийн хуулинд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ .
5.11.1. Сургуулийн үйл ажиллагааны дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх;
5.11.2. Өөрийн хариуцсан обьектод хяналт тавьж үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах;
5.11.3. Өдөр тутмын үйл ажиллагаагаа холбогдох албанд мэдээлэх, үнэлгээ гаргуулах;
5.11.4. Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, зориулалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавьж ажиллах;
5.11.5. Сургалт, санхүүгийн албатай холбогдолтой мэдээлэл тооцоогоор хангах, тайлан дүн мэдээг холбогдох журам зааврын дагуу гаргах;
5.11.6. Үйл ажиллагаагаа нарийн төлөвлөх;
5.11.7. Ажлын байрыг дур зоргоороо орхин явахгүй байх, хэрвээ ямар нэгэн асуудал гарвал урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
Зургаа. Суралцагч
6.1. Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч, захирлын тушаалаар сургуульд элссэн байна.
6.2. Суралцагч дараах эрхийг эдэлнэ.
6.2.1. Зохих шаардлагыг хангасан сургалт явуулах хичээлийн байр, дотуур байр, ширээ, сандал, үзүүлэн таниулах, номын сан, лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт, эрдэм шинжилгээний болон бусад хэрэгсэл, номын сан, интернетийн сүлжээ, сургуулийн эрүүл мэндийн төв зэрэг суралцахад шаардлагатай нөхцөл бололцоогоор хангуулах, тэдгээрийг зохих журмын дагуу ашиглах;
6.2.2. Сургуулийн санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн төлөвлөгөө гаргах, зөвлөгөө чиглэл авах, суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;
6.2.3. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;
6.2.4. Хууль, тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх;
6.2.5. Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
6.2.6. Зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх;
6.2.7. Эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;
6.2.8. Бүтээлээ хэвлүүлэхээр санал дэвшүүлж, шийдвэрлүүлэх;
6.2.9. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу шууд бусаар оролцох;
6.2.10. Магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах;
6.2.11. Хууль тогтоомжид заасан бусад эрх.
6.3. Суралцагч дараах үүрэгтэй.
6.3.1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
6.3.2. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
6.3.3. Бие дааж суралцах арга барилыг эзэмших;
6.3.4. Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
6.3.5. Сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэн сахих;
6.3.6. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх;
6.3.7. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
6.4. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох, түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг дотоод журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.
6.5. Суралцагч нь нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурч болно. Сургуульд шилжин ирж буй суралцагч сурч байсан сургуулийн тодорхойлолт, дүнгийн болон цуглуулсан багц цагийн тодорхойлолт, хувийн хэрэг болон боловсролын гэрчилгээг эх хувиар авч ирнэ.
6.6. Шилжин ирж буй суралцагчийн цуглуулсан багц цагийг сургалтын хөтөлбөрт уялдуулан тооцож болно.
6.7. Суралцагч нь “Гурван-Эрдэнэ” БДС-д суралцахын зэрэгцээ өөр сургуульд давхар суралцаж болно.
Долоо. Сургуулийн эдийн засаг
7.1. Сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш ажилтан суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоо Боловсролын тухай хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг сургуулийн захирал эдэлнэ.
7.2. Сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн хөрөнгө болон тухайн сургуулийн үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.
7.3. Сургуулийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
7.3.1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт
7.3.2. Сургалтын төлбөр
7.3.3. Аж ахуйн үйл ажиллагааны орлого
7.3.4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив
7.3.5. Зээл тусламж
7.3.6. Бусад эх үүсвэр
7.4. Сургуульд хандивласан хөрөнгийг сургуулийн санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Сургуульд хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.
7.5. Сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар шалгалт хийлгэж дүнг нийтэд ил тод мэдээлж байна.
Найм. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
хүчин төгөлдөр болох
8.1. Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлагыг удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон захиргааны зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.
8.2. Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.
Төгсөв.