Эсээ бичлэгээр үнэлэх дүрэм
Хоёр. Зорилт
"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫГ
ЭСЭЭ БИЧЛЭГЭЭР ҮНЭЛЭХ ЖУРАМ
Нийтлэг үндэслэл
Хүн төрөлхтний оюуны үйл ажиллагааны хөгжлийн үр дүнд буй болсон хүүрнэл зохиолын богино төрөлд хамаарах “Эсээ” хэмээх бичлэгийн өвөрмөц төрөл зүйл нь танин мэдэхүйн болон гүн ухаан, уран зохиол, шинжлэх ухаан, сэтгүүлзүй, сурган хүмүүжүүлэх ухаан болон бусад бүх салбарууд, нийгмийн харилцаанд нийтлэг үйлчилдэг бичлэгийн өвөрмөц загвар болон тогтжээ.
Иймээс эсээг зөвхөн уран зохиолын жижиг төрлийг заадаг нэр томьёо гэж тодорхойлох боломжгүй бөгөөд эсээг ашиглаж болохгүй мэдлэгийн нэг ч салбар байхгүй гэж болно.
Их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулиудад техникийн шинжлэх ухаан, байгаль нийгмийн шинжлэх ухаан, анагаах, хүмүүнлэгийн ухааны бүх салбаруудад эсээг ашиглах болсон нь суралцагчдыг бие даан мэдлэг олж авах, мэдээллийг эрж хайж цуглуулах, задлан шинжлэх бүтээлч үйлд татан оролцуулах төдийгүй юмс үзэгдлийн тухай шүүн тунгаах, эргэцүүлэх, дүгнэх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог байна.
Нэг. Зорилго
1.1. Бие даан мэдлэг олж авах, бүтээлч чадвар, оюуны чөлөөт эрэл хайгуул хийх, бичгийн соёлд суралцах
2.1. Эсээ бичлэгээр өөрийн үзэл бодлыг зөв, цэгцтэй илэрхийлэн бичих чадвартай болох
2.2. Баримт мэдээллийг эрж хайж цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай болох
2.3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих чадвартай болох
Гурав. Гүйцэтгэх журам
3.1. Тус сургуулийн хичээлийн жилийн III улирлаас эхлэн судлах бүх хичээлийн хүрээнд эсээ бичлэгийг бие даалтын нэгэн төрөл болгон оруулна.
3.2. Эсээний сэдэв, агуулга нь тухайн судлагдахууны агуулгын хүрээнд байна.
3.3. Оюутны эсээг тухайн мэргэжлийн хичээлийг заадаг багш үнэлж, шаардлага бүрэн хангасан эсээг бүтээлийн санд тооцно.
3.4. Тогтоосон үгийн тоонд багтааж алдаагүй бичсэн байна.
Дөрөв. Эсээний үнэлгээ
Эсээний нийтлэг шалгуурыг бичлэгийн хэл найруулгын чадвар, юмс үзэгдлийн тухай олон талт мэдлэг, түүнийгээ илэрхийлэх танин мэдэхүйн болон сэтгэлгээний чадвар гэсэн дараах хоёр байдлаар тодорхойлно. (Хүний сэтгэхүй, сэтгэлгээний чадамж, бололцооны шалгуурын нэг нь эсээ байдаг тул шалгуурыг багш өөрийн олон хувилбараар өөрчилж үнэлж дүгнэж болно.)
4.1. Эсээний бичлэгийн шалгуур:
Ø Сэдэв агуулгын зөрчилгүй байх;
Ø Өгүүлж буй зүйл тодорхой байх;
Ø Үг хэллэг оновчтой байх;
Ø Товч тодорхой байх;
Ø Ойлгомжтой, сонирхолтой, яруу сонсголонтой байх;
Ø Чамирхсан зүйлгүй энгийн байх;
Ø Гоозүй, ёсзүйн хэм хэмжээг хангасан байх;
Ø Өөрийн гэсэн арга барилтай байх;
Ø Бүтээлчээр хандсан байх (мэдээллийг эрж хайх аргад суралцах, мэдээлэлтэй ажиллаж чаддаг байх, эсээндээ ашиглаж чаддаг байх);
Ø Зөв бичгийн алдаагүй байх. Аливаа бичгийн соёлд чухал хэрэгтэй, хатуу мөрдөж баримталбал зохих зүйл бол зөв бичгийн дүрэм мөн. Эсээ бичихэд өгүүлбэрзүйн зөв бичгийн дүрэм тэр дундаа хашилтыг зөв хэрэглэх явдал чухал байдаг. Хашилтыг << ...>> , “...” эх сурвалжаас тэр хэвээр нь эшилж оруулсан үг, өгүүлбэр, ямар нэг оноосон нэрийг тэмдэглэхэд хэрэглэдэг. Эшлэл, зүүлт тайлбарыг зөв хийх нь цаашдаа эрдэм шинжилгээний бүтээл бичихэд тавигддаг чухал шаардлага юм.
Ø Хэлзүйн алдаагүй байх
4.2: Танин мэдэхүйн болон сэтгэлгээний чадвар
Ø Ялган таних: Ямар нэгэн зүйлийг бусдаас адил төстэй болон онцлог шинжээр ялган таних, гарал үүслийг тогтоох чадвартай байх
Ø Тодорхойлох: Тухайн зүйлийн суурь шинж чанарыг тодорхойлох чадвартай байх
Ø Дүн шинжилгээ хийх: Задалж, ангилан шинжлэх чадвартай байх
Ø Тайлбарлах: Үйл явдлын шалтгаан, учир холбогдлыг тайлбарлах чадвартай байх
Ø Байр суурийг үнэлэх: Тодорхой асуудлын хүчтэй болон сул талыг, олж бусдын байр суурийг үнэлэх чадвартай байх
Ø Байр сууриа илэрхийлэх: Өөрийн үзэл, байр суурьд хүрэхийн тулд ямар нэг хувилбараас сонгох, өвөрмөц илэрхийлэх чадвартай байх
Ø Байр сууриа хамгаалах: Өөрийн байр сууриа хамгаалах, үндэслэл гаргах чадвартай байх
Тав. Эсээ бичих зөвлөмж
5.1. Эсээ гэдэг нь:
Хүн нийгэм, хүрээлэн буй орчлон, ертөнц болон өөрийн мөн чанарын тухай эргэцүүлсэн бодомж юм гэж болно.
Аль нэг асуудлаар тухайн зохиолч бусад хэнийхтэй ч төсгүй, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн, ихэнхдээ богино хэлбэрийн хүүрнэлт зохиол юм. Зохиолчийн энэхүү үзэл бодол нь заавал туйлын үнэн, уг асуудалд өгөх эцсийн хариу байх албагүй. Иймээс оюутнаар эсээ бичүүлэх нь суралцагч өөрийн уншиж судалсан зүйлдээ тулгуурлан тодорхой сэдэв, асуудлаар өөрийнхөө ойлголт, эргэцүүлэл, итгэл үнэмшлээ илэрхийлэх бололцоог олгодог.
Эсээ нь аль нэг юм үзэгдлийн талаар гүн ухааны, намтар түүхийн, нийтлэлийн, утга зохиол шүүмжлэлийн, эрдэм шинжилгээний хялбаршуулсан, эсвэл цэвэр уран зохиолын зан төрхийг тодорхойлдог бөгөөд ингэхдээ уг зүйлийн талаар зохиолчийн хийсвэрлэсэн шинэ үзэл бодлыг тусгасан, шинжлэх ухааны мэдлэгийн олон салбарын ухагдахуун ойлголт нэр томьёог хослон ашигласан байж болдог.
“Тэнцэтгэл” эсээ (Хавсралт үзнэ үү)
Амьдралын мөн чанарын тухай эргэцүүлэн бичсэн “Амьдрал бол сайхан, хэцүүг эвлэлдүүлсэн арга билгийн шүтэлцээ юм” гэсэн зохиолчийн үзэл бодолтой уншигч болон сонсогчийн санаа заавал нийлэх албагүй төдийгүй эсээнд тэнцэтгэл, үл мэдэгдэгч зэрэг математикийн нэр томьёо, нэмэх, хаалт зэрэг тэмгийг хэрэглэж, амьдралыг математикийн бодлого мэт бичсэн нь зохиолчийн бусдаас ялгарсан өөр хэнийхтэй ч адилгүй сэтгэлгээний онцлог юм.
5.2. Эсээний сэдэв, гол санаа:
Өгүүлэгдэж буй гол зүйл, асуудлаас үүдэлтэй яах гэж бичиж буй зорилгын томьёоллыг сэдэв гэж болно. Өөрөөр хэлбэл, хэнд зориулж, ямар зорилгоор, юу хэлэхийг хүссэнийг эсээний сэдэв гэж болно. Эсээ бичих сэдвийг багш болон оюутнууд сайтар бодож сонгох ёстой бөгөөд сэдэв том байх шаардлагагүй. Эсээний гол санаа гэдэг нь сэдсэн асуудлыг бүрэн төгс хэлбэржүүлж дуусгах буюу эсээний уг сэдвээр гаргасан дүгнэлтийг хэлнэ. Сэдэв гол санаа хоёр нь нэг юмны хоёр тал тул таарч байх ёстой. Иймээс гол санаа нь сэдвээсээ хазайж болохгүй гэсэн шаардлага тавигддаг.
“Тэнцэтгэл” эсээ
Эсээний сэдэв - Амьдрал, амьдралын мөн чанар (амьдрал гэж юу вэ?)-ыг танин мэдүүлэх, ойлгуулах, ухааруулах зорилготой.
Гол санаа буюу утга - Амьдрал бол хайрлах болон бүтээхийн сайхан юм. Гэвч хайрлах бүтээх нь хамгийн хэцүү. Иймээс сайхан, хэцүү хоёр нийлж хүний амьдрал оршино. Сайхан хийгээд хэцүүг хүн бүр өөрийнхөөрөө л хэмжинэ.
5.3. Эсээний гарчиг:
Эсээний сэдэв нь гарчигтайгаа таарахгүй байж болдог. Сэдэв ба гол санааг агуулсан хураангуй нэрийг гарчиг гэнэ. Ихэнх оюутнууд эсээний сэдвийг гарчигтай адил ойлгосноос алдаа гаргаж, гол сэдвээсээ хазайх нь их байдаг.
Гарчгийг өгөхдөө:
ü Сэдвийг барьж
ü Гол санааны дагуу
ü Өгүүлэгдэхүүнээр
ü Хэрэг явдлын тухай өгүүлснээр
ü Түлхүүр болон тулгуур үгсээс сонгож аль нэгнээр нэрлэж болно.
“Тэнцэтгэл” эсээ
Эсээний гарчиг нь “Тэнцэтгэл” буюу эсээний тулгуур үгээр сонгон өгчээ.
5.4. Эсээний найруулга, хэв маяг
Сэдвийн дагуу өгүүлэгдэж буй юмсын тухай бичигч өөр өөрөөр өгүүлж болно. Ийнхүү өгүүлэгдэж буй юм, үйл хэрэг явдлыг өөр өөрөөр өгүүлдгээс үүдэн найруулгын бичил дөрвөн хэв маяг үүсдэг. Үүнд тоочимж, тайлбарламж, эргэцүүлэмж, хүүрнэмж
Тоочих ба хүүрнэх найруулбарт[1] оршин байгаа зүйл, үйл ба хэрэг явдлыг байгаагаар нь бичдэг бол эргэцүүлэх буюу тайлбарлах найруулбарт оршин буй юмс болон үйл хэрэг явдлыг хүн хэрхэн үзэж, хэрхэн үнэлж, хэрхэн хэрэглэж байгаа нь тод илэрдэг.
Эргэцүүлэмж нь эсээний бичлэгийн үндсэн хэв маяг юм. “Юмс үзэгдэл, үйл ба хэрэг явдлын шалтгааныг олж, шинэ санаа бүхий оюун дүгнэлт гаргасан найруулгын хэм маягийг эргэцүүлэмж гэдэг”. Эргэцүүлэмж нь шинжлэх ухааны найруулгын үндэс болдог тул гоё хоосон үг хэллэг хэрэглэх, хэтэрхий урт нуршуу, хийсвэр байх, ядуу үг хэллэгтэй байхаас зайлсхийдэг.
Гол онцлог нь юмс үзэгдэл ба үйл, хэрэг явдлын мөн чанарт нэвтэрч, учир шалтгааныг олж, шинэ санаа бүхий оюун дүгнэлт[2] гарган, баримтаар батлан бичдэг. Өөрөөр хэлбэл эргэцүүлэн бичихэд өмнөх хуучин ойлголтоо эргэцүүлэн бодсоор шинэ санаа гаргаж түүнийгээ батлах шаардлагатай болдог.
“Тэнцэтгэл” эсээ
Амьдралын мөн чанарын тухай эргэцүүлэн,амьдрал бол тэнцэтгэл биш байгаа гэсэн шинэ санаагаа сайн муу, сайхан муухайтай харьцуулан, математикийн үйлдлээр нотлон эцэст нь амьдрал бол сайхан муухайн нийлбэр, сайхан муухай гэдэг нь “үл мэдэгдэгч” юм гэсэн оюун дүгнэлтэд хүрчээ.
Эсээ бичихдээ хэлний янз бүрийн холбоосоос хамгийн тохиромжтойг нь сонгон зөв найруулж сурах нь чухал. Учир нь холбоос нь эсээг цааш нь үргэлжлүүлэн бичихэд хөтөлж байдаг. Ялангуяа баталж, нотолж дүгнэн бичих найруулгад “учир, тулд, -ны улмаас, тусам, ийм учраас, тухайлбал” гэх мэт холбоос буюу холбох үгсийг өргөн ашигладаг гэдгийг анхаарч бичих хэрэгтэй.
Үүнээс гадна эргэцүүлэн бичихийн нэг онцлог нь бичигчийн баймж[3] санааг илэрхийлсэн “ эндээс үзэхэд, ерөнхийдөө, товчоор хэлбэл, их төлөв, үлгэрлэвэл, ялангуяа, нэг талаас, өөрөөр хэлбэл, эцэст нь тэмдэглэхэд, чухамдаа” гэх мэт үгсийг ч мөн өргөн хэрэглэдэг.
“Тэнцэтгэл”эсээ
Ингэхлээр..., харин..., нэг талаас...болохоор,... нөгөө талаас..., Ингээд... гм холбоосыг ашигласан байна.
Мөн дүгнэлт гаргахдаа ашиглах дараах холбох үгс байж болно.
...иймээс, ийм учраас, тиймээс, тийм учраас, мөнхүү, ийнхүү, тийнхүү, ингэж, ингээд, ингэхлээр, тэгэхлээр, иймд, иймийн тулд, тиймийн тул, үүнийг багцлан дүгнэвэл, нэгтгэн үзвэл, дээрхээс үзвэл, сайтар тунгаан бодвол, нэгдүгээрт, хоёрдугаарт, хэрэв, энэ мэтээр, үүнээс үзэхэд, яагаад гэвэл...
Эргэцүүлэн бичиж дүгнэлт гаргахад зарим тохиолдолд харьцуулж дүгнэлт гаргах шаардлага тулгарах нь олон байдаг. Ийм тохиолдолд харьцуулж буй хоёр ойлголт нь эсрэг байна уу? ойролцоо байна уу?, эдгээрийн сөрөг шинжид тулгуурлах уу? эерэг шинжид тулгуурлах уу? гэдэг нь чөлөөтэй байдаг.
“Тэнцэтгэл” эсээ
Амьдрал=тэнцэтгэл
Тэнцэтгэл=хайрлах+хийх
Сайхан, хийх +хэцүү
Амьдрал=(хайрлах сайхан+хийхийн сайхан) + (хайрлахын хэцүү+бүтээхийн хэцүү)
Амьдрал=X+X
5.5. Эсээний бүтэц:
Цогцолборуудын[4] хоорондох харьцааг эсээний бүтэц гэнэ. Эсээг бүрдүүлж буй өгүүлбэр, цогцолбор, мөчлөгүүд нь нэг нь нөгөөгөөсөө урган гарсан, өмнөх нь дараагийнхаа эхлэл болсон, нэг нь нөгөөгөө нэмэн дэлгэрүүлсэн, тодотгосон, нэгтгэн дүгнэсэн, задлан тайлбарласан зэрэг нягт уялдаатай байдаг.
“Тэнцэтгэл” эсээ
1-р цогцолбор Амьдрал гэж ву вэ?- Асуудал дэвшүүлсэн цогцолбор буюу эсээний эхлэл хэсэг.
2-р цогцолбор Амьдрал дан сайхнаас бүтдэггүй. Сайхан дээр юу нэмэгдэж таарах вэ?... - Эхний цогцолбороос урган гарсан санаа.
3-р цогцолбор Нэг талаас сайхан, нөгөө талаас муухай хоёр хийлж амьдрал болох, тэр муухай нь “хэцүү”хэмээн таамаглана. 2-р цогцолборыг нэмэн дэлгэрүүлсэн, тодотгосон цогцолбор
4-р цогцолбор Амьдрал бол тэнцэтгэл юм.
5-р цогцолбор нь Ямар учраас тэнцэтгэл болж буйг задлан тайлбарласан - төгсгөл цогцолбор болж байна.
Үүнээс гадна эсээнд бичих гэж буй зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн эхлэл хэсэг, гол санааг лавшруулан дэмжих, нэмэн дэлгэрүүлэх үндсэн хэсэг, эсээнийхээ санааг нэгтгэн дүгнэх, гол санаагаа тайлах, эргэн сануулах төгсгөл хэсэг гэсэн үндсэн 3 хэсэг байдаг.
Д.Урианхай[5]
Тэнцэтгэл
(Бодрол эсээ)
I.Эхлэл хэсэг
Амьдралыг би ямар нэг тэнцэтгэл байгаа байх гэж бодно. Тэнцэтгэлийн нэг тал нь: Аугаа их “Амьдрал” өөрөө байж таарна. Нөгөө тал нь: “Хайрлах”-ын сайхан дээр “хийх”-ийн сайхныг нэмэх байж таарах байх.
II.Үндсэн хэсэг
Амьдрал дан сайхнаас бүтдэггүй. Ингэхээр “Хайрлах”, “хийх”-ийн сайхан дээр ямар нэг “дайвар” нэмэгдэж таарах байх. Харин тэр “дайвар” юу байж таарах вэ? Энэ бол надад “үл мэдэгдэгч”.
Нэгэнт нэг талаас “хайрлах”-ын сайхан, “хийх”-ийн сайхан гээд хоёр хоёр “сайхан” нийлж байгаа болохоор нөгөө талаас “хоёр муухай” нийлж таарах болов уу гэж бодогдоно. Тийн ахул, тэр хоёр “муухайг” –г би хамгийн сайхнаар бодоод “ хэцүү” гэж оноон таамаглаж байна.
III. Дүгнэлт хэсэг
Ингээд амьдрал гэдэг “тэнцэтгэл” миний санаанд дараах томьёогоор буунам.
Амьдрал = (Хайрлахын сайхан+Бүтээхийн сайхан ) + (Хайрлахын хэцүү+Бүтээхийн хэцүү)
Бие биетэйгээ шүтэлцдэг шүтэлцээнтэй буюу “таталцалтай”, “бие биетэйгээ шөргөлцөөнтэй буюу “эсэргүүцэлтэй” “Сайхан” “Хэцүү” хоёрыг эвлэлдүүлэн нэгдүүлж, өөрийн өрнөөс унасан төө зайгүй хоёр үр шигээ тэнцүү хайраар тэвэрсэн тэнцэтгэл л амьдрал байх мэт сэтгэгдэнэ.
“Сайхан” хийгээд “хэцүүгийн” хэмжээ хүн хүний амьдралд янз бүр, хүн хүний хэрээр “хэмжигдэн” оногдох учир хүний амьдралын ч юмуу миний амьдралын “сайхан” “хэцүү” хоёрын хэмжээ надад амьд насанд минь үл мэдэгдэх нэг “үл мэдэгч” байсаар үлдэх ажээ.
5.6. Эсээ бичих төлөвлөгөө боловсруулах:
1) Сонгосон асуудлуудыг ажиглах, сэдэв сонгох
2) Сэдвийн дагуу судалгаа хийх (холбогдох материал цуглуулах, уншиж судлах)
3) Өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж, асуудал дэвшүүлэх (өөрийн байр сууриа батлах баримт, нотолгоо гаргах )
4) Баримт , нотолгоо цуглуулах, дэмжих
5) Өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлэх
6) Дүгнэлт гаргах
Боловсруулсан:
Г. Буянтогтох ( Доктор Ph.D)
Д. Пүрэвсүрэн (магистр)
Т. Сайнбаяр (магистр)
[1] Хэл шинжлэл - Найруулгазүйн нэгжийг найруулан өгүүлэх нэгж буюу найруулбар гэнэ. Найруулбар нь тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэсэн дөрвөн хэв маягтай.
[2] Ерөнхий санаанаас тодорхой санаа, тодорхой санаанаас ерөнхий санаа гаргах сэтгэхүйн үйлдэл
[3] Хэл шинжлэл - Өгүүлэгч эзэн биеэс тухайн бодот байдалд хандах харьцаа болон уг өгүүлэмжийн агуулгаар ирэх мэдээллийн үнэн магадлалыг илэрхийлсэн үүрэг-утга зүйн ай: баймж утга (өгүүлэн үнэлэгч эзэн биеэс тухайн бодот байдалд хандах харьцаа болон уг өгүүлэмжийн агуулгаар ирэх мэдээллийн үнэн магадлалыг илэрхийлсэн утга), баймж үг (баймж утга илэрхийлсэн үг)
[4] Хэл шинжлэл-Уул эхийг бүтээх бусад эхээс ялгах, тухайн нэг санааг агуулсан хэд хэдэн өгүүлбэр нийлснийг цогцолбор гэнэ.
[5] Нэрт зохиолч, яруу найрагч, 1940 онд Булган аймгийн Уньт суманд төрсөн. МЗЭ-ийн шагналт. (1989)