Хан Академийн видео хичээлүүд нь багшийн ажлын ачааллыг хөнгөвчилнө

Post date: Oct 19, 2015 6:53:36 AM

Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд ажиллаж, амьдрах чадварыг хүн бүрээс шаардаж байгаагаас үүдэн дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо шинэ зуунд хүн төрөлхтөний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна.Нээлттэй боловсролын "НЭГ Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг боловсролын бодлогод тусгаснаар НЭГ зорилготой, мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, интернэт технологид суурилсан, нээлттэй, насан туршийн, тасралтгүй, чанартай боловсрол эзэмших боломжийг бий болгож, боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

2014-2015 оны хичээлийн жилд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай онлайн, нээлттэй сургалт болох АНУ-ын Хан академийн 500 видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэж, сургалтад хэрхэн ашиглах талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг шат дараатайгаар чадавхжууллаа. http://mn.khanacademy.org

Хан Академийн видео хичээлүүд нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын ачааллыг хөнгөвчилж, сурагчид болон бие даан суралцагсдыг үнэ төлбөргүйгээр мэдлэгээ баяжуулж, шинэчлэн сайжруулж, шинэ мэдлэг бүтээх боломжийг бүрдүүлдэг.

Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан багшийн ачааллыг хөнгөвчилсөн сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгож, сургалтын хөтөлбөрт суусан хичээлүүдийг Хан Академийн видео хичээлтэй агуулгын тохироц хийж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хэлбэрээр дэмжиж өгөх ажлууд 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжилнэ.