“Нээлттэй семинар” амжилттай зохион байгуулагдлаа

Post date: Oct 07, 2015 5:43:40 AM

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нарын “Нээлттэй семинар” 2014.12.25-26-нд амжилттай болж өнгөрлөө. Тус семинарт Хэл бичгийн ухаан доктор, профессор Ц.Өнөрбаян, доктор Ч.Жачин, доктор С.Батхуяг, доктор Г.Буянтогтох, доктор Г.Даваажаргал, доктор Х.Лхагвабаяр нарын зэрэг эрдэмтэд оролцсон бөгөөд нийт 25 багш өөрсдийн заадаг хичээлийн арга барил, арга зүй, үр дүнгийн талаар илтгэж, мэргэжлийн талаар халуун дотно яриа өрнөж туршлага солилцов. Нийт илтгэлийн агуулгаас харахад багш нар оюутнуудын бие даасан бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлан хичээлээ удирдаж байгаа нь онцлог бөгөөд олзуурхууштай байлаа.

“Нээлттэй семинар” жил бүрийн 12-дугаар сард уламжлал болон зохион байгуулагдах юм.

“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл

Б.Мөнхцоож багшийн нээлттэй семинарын товч агуулга

Англи хэлний дидактик хичээлээр оюутныг чадваржуулах нь

Их, дээд сургуулийн гадаад хэлний сургалтанд баримталдаг зарчим нь мэргэжилд чиглэсэн сургалтаар дамжиж хэрэгждэг. МАХ ангид YI, YII улиралд 4 кредитийн агуулгатайгаар ордог англи хэлний дидактик хичээлээр англи хэлний мэргэжлийн болон ерөнхий мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал хэвшил хэрхэн төлөвшиж байгаа талаар хэлэлцүүлэх болно.

Д.Пүрэвсүрэнгийн нээлттэй семинарын товч агуулга

Интеграл тооллыг заах арга зүй

Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг физик, техник технологийн хөгжил тодорхойлох нь гарцаагүй юм. Иймээс энэ чиглэлээр сайн мэргэжилтэнгүүд бэлтгэх шаардлагатай болж байна. Эдгээр мэргэжилтэй холбогдох суурь ШУ бол математикийн ШУ гарцаагүй мөн бөгөөд тэр дундаа интеграл тоолол нь дээд математикийн чухал бүлэг хичээл юм. Иймээс интеграл тооллын мэдлэгийг гүн бат эзэмшүүлэхийн тулд багш юуны өмнө хичээлээ хэт онол талаас нь биш практик талаас нь оюутнуудад заах нь илүү үр дүнтэй байдаг. Хичээлийг онол, практик хослуулан хэрхэн туршсан туршилтын үр дүнг хэлэлцүүлэх болно.

Д.Пүрэвсүрэн

Ч.Одсүрэн багшийн нээлттэй семинарын товч агуулга

Сэдэв: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй хичээлийг төлөвлөн зохион байгуулах нь

Дэлхий дахинд хөгжлийн бэршээлтэй хүүхдийг ялган тусгаарлан сургаж байсан хандлага өөрчлөгдөн шинэчлэгдэж тэднийг хүнийх нь хувьд бусадтай адил түвшинд тавьж нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахад чиглэгдсэн хүмүүнлэг хандлага дэлгэрэх болсон энэхүү цаг үед тусгай сурган хүмүүжүүлэх ухааныг ул суурьтай судалж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг ойлгон мэдэрч, мэргэжлийн түвшинд шийдэж чаддаг, тэдэнтэй ажиллах, дэмжин туслах эерэг хандлагтай багш бэлтэх асуудалд анхаарлаа хандуулан энэхүү хичээлийг төлөвлөх үйл явц болон түүнээс гарсан үр дүнг хэлэлцүүлэх болно.