Багш,Монгол хэл уран зохиолын боловсрол

МОНГОЛ ХЭЛ-УРАН ЗОХИОЛЫН БАГШ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжлийн индекс: 011407

Мэргэжлийн зориулалт

Монгол хэл-уран зохиолын багш /бакалавр/ нь төр, олон нийт, засаг захиргаа, аж ахуй, сонин хэвлэлийн газруудад эрдэм шинжилгээ, утга зохиолын ажил, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд багшлах болон судалгааны ажил эрхлэхээр бэлтгэгдэнэ.

Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага

  • Монгол хэл-уран зохиолын багш нь хүнлэг энэрэнгүй, энэрэнгүй, иргэний ардчилсан, зах зээлийн нийгэмд ажиллаж амьдрах ёс суртахуунтай, аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх оюуны өндөр чадавхитай, эх оронч, бусад улс үндэстний соёл иргэншлийг ойлгож хүндэтгэдэг, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн нийгэм, улс төрийн харилцаанд оролцох соёлтой

  • Амьд ба амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх

  • Нэгээс доошгүй гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх

  • Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх

  • Багаар хоршин ажиллахад бэлэн өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцаны соёлтой, монголын утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оночтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх

  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх

  • Хөдөлмөрийн чанар үр дүнг эрхэмлэдэг, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой, хамт олныг зөв зохион байгуулах чадвартай байх

Мэргэжилтний мэдэх зүйл

  • Хэл шинжлэл, уран зохиол судлал, түүний гол гол салбаруудын хөгжил, зүй тогтол, онол-хэрэглээний уялдаа, судалгааны арга барил, чиг хандлагын гүн бат мэдлэг эзэмшсэн байх

  • Монгол хэлний бүх төвшний /авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сан судлал, утга зүй, эх судлал, найруулга зүй, зөв бичиг зүй онолын мэдлэгтэй байх

  • Дэлхийн /өрнө дорнын/ сонгодог уран зохиол болон монголын уран зохиолын онол судалгааны үндсэн мэдлэг эзэмшсэн байх.

  • Түүхэн харьцуулсан хэл шинжлэл, харьцуулсан уран зохиолын онол, аргазүйн үндсийг эзэмшсэн байх.

  • Хэл – соёл, хэл-нийгэм, хэл-сэтгэхүй, хэл-угсаа гарал, хэл-ёс заншил, хэл-логик, уран зохиол-сэтгэлгээ, уран зохиол-нийгэм, уран зохиол-шашин, уран зохиол-түүх, уран зохиол-урлаг, уран зохиол-хүн судлал гэх мэт хосолсон харьцаан дээр тулгуурласан онол, аргазүйн үндсэн мэдлэг эзэмшсэн байх.

  • Ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулийн монгол хэл, уран зохиолын сургалтын онцлог, суралцагчдын сонирхол, сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн талаар мэдлэгтэй болсон байх

Мэргэжилтний чадах зүйл

  • Монгол хэлний ямар ч баримтад авиазүй, зөв бичих, зөв дуудах зүй, хэлзүй, үгийн сан, найруулгын бүрэн задлал, харьцуулсан судалгаа хийх, найруулгын алдааг зөв оновчтой засах, эх зохиох, найруулах

  • Хэл, уран зохиолын аливаа баримтад хэл бичгийн /хэл шинжлэл, уран зохиол судлал/ ухааны үндэстэй ажиглалт шинжилгээ хийх, түүний мөн чанарыг тайлбарлах, тодорхойлох, хөгжлийн хандлагыг баримжаалах

  • Монгол, кирилл бичгээр алдаагүй, зөв бичиж уншдаг, бичиг үсгийн дурсгалыг бие даан судалж унших, галиглах, хэлний түүхэн баримтыг орчин цагийн тохирох үзэгдэлтэй харьцуулан хувьсал, хөгжил, гарал үүслийг нь тайлбарлах

  • Уран зохиолын бүх төрөл зүйлд бүрэн задлан шинжлэл, судалгаа хийх

  • Суралцагсдын мэдлэг, чадвар, хүмүүжлийн төвшинд судалгаа хийж тодорхойлон, цаашдын хүмүүжил, сургалтын ажлын агуулга, арга барилыг боловсруулах чадварыг тус тус эзэмшинэ

  • Монгол хэл, уран зохиолыг сурталчлах, мэргэжлийн бус хүмүүст найруулах, зохион бичихэд зөвлөгөө туслалцаа үзүүлэх