Багш, Математикийн боловсрол
МАТЕМАТИК МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Мэргэжлийн индекс: D 141500
Мэргэжлийн зориулалт
Математик Мэдээлэл зүйн багш /бакалавр/ нь ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд багшлах болон мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахад бэлтгэгдэнэ.
Мэргэжилтэнд таеигдах ерөнхий шаардлага
Математик Мэдээлэл зүйн багш бакалавр нь сэтгэн бодох чадвар сайн, аливаа асуудалд дүн шинжилгээ хийж арга технологийг оновчтой хэрэглэх, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, цаашид өсөн дэвжих, хөгжих чадвартай.
Мэргэжлийн мэдлэг, бие даан суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, гадаад хэлний зохих мэдлэг чадвартай, ертөнцийг үзэх үзэл төлөвшсөн.
Ажлын чанар үр дүнг эрхэмлэдэг, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой, хамт олныг зөв зохион байгуулах чадвартай байна.
Мэргэжилтний мэдлэг
Математикийн шинжлэх ухааны хөгжил, зүй тогтол, онол-хэрэглээний уялдаа, судалгааны арга барил, чиг хандлагын талаар гүн бат мэдлэг эзэмшсэн.
Ерөнхий боловсролын буюу мэргэжлийн сургуулийн математикийн шинжлэх ухааны сургалтын онцлог, суралцагчдын сонирхол, сэтгэхүйн талаар мэдлэгтэй болсон.
Мэргэжилтний чадвар
Математик мэдээлэл зүйн хичээлүүдийг ЕБС-д заах мэдлэг, чадвар, дадал, хандлага төлөвшсөн. Мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх, бүтээл туурвих чадвартай.
Дээд боловсролын стандартаас......
5.3 "Ерөнхий боловсролын багш" мэргэжлээр төгсөгчийн мэргэжлийн бэлтгэлд тавигдах үндсэн шаардлага:
5.3.1 Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна. Үүнд:
5.3.1.1 Сурагчийн сурах үйл ажиллагааг удирдан дэмжихэд багшийн гүйцэтгэх
үүргүүд;
5.3.1.2 Суралцагчийн эрүүл мэндийг бэхжүүлэх, хамгаалах, сургалтыг үр ашигтай зохион байгуулах;
5.3.1.3 Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах /хөтөлбөр боловсруулах, хөтөлбөр үнэлэх, хичээлийн бэлтгэл хангаж зохион байгуулах, хичээлд анализ хийх, хичээлийн материал боловсруулах, мэдлэг чадвар дүгнэх/;
5.3.1.4 Сургах үйл ажиллагааг сургалтын зорилгод чиглүүлэн хэрэгжүүлэх, хичээлээрээ дамжуулан бие хүнийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх;
5.3.1.5 Орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн, тэдгээрийг хэрэглэх;
5.3.1.6 Сургалт хүмүүжлийн үр дүнг хянах ажлыг зохион байгуулах;
5.3.1.7 Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн Эрхийн Конвенцид тусгагдсан суралцагчдын эрх, эрх чөлөөг хангах.
5.3.2 Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.Үүнд:
5.3.2.1 Суралцагчийн нас сэтгэхүй, бодит орчин нөхцөлд тохирсон сургалтын арга барил, арга технологийг ашиглах;
5.3.2.2 Хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ, сонирхлыг судлах;
5.3.2.3 Сургалтын өөр өөр орчинд суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжих;
5.3.2.4 Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүйгээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах;
5.3.2.5 Сургалтыг бие хүний үнэт зүйлсийг төлөвшүүлэхтэй хослуулах;
5.3.2.6 Сургалтын явцад суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, тэднээр техникийн аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах дүрмийг сахиулах;
5.3.2.7 Суралцагчийн эцэг эхтэй холбоо тогтоох, тэдэнд гэр бүлийн хүмүүжлийн талаар туслах;
5.3.2.8 Хичээлээс гадуурх сургалт - хүмүүжлийн ажлыг төлөвлөх, удирдах;
5.3.2.9 Анги удирдах /ангид хичээл заах/ үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5.3.2.10 Ангийн баримт бичиг /журнал, хувийн хэрэг, ажиглалт, тэмдэглэл, мэдээ .../хөтлөх;
5.3.2.11 Сургалт заах аргын нэгдэл болон заах аргын бусад хэлбэрийн үйл ажиллагаанд оролцох, бусад багш нартай хамтран ажиллах;
5.3.2.12 Багшийн мэргэжлийн ёс зүйн шаардлагыг эрхэмлэн сахиж, биелүүлэх.
5.3.3 Төгсөгч нь эзэмшсэн багш боловсролын тодорхой мэргэшлийн чиглэлээр дараах мэдлэг чадвар эзэмшсэн байна. Үүнд:
5.3.3.1 Боловсролын стандарт хөтөлбөрийн дагуу суралцагчдад заах хичээлийнхээ бичиг үсгийн боловсролыг бүрэн эзэмшсэн
5.3.3.2 Сургалтын төлөвлөгөө, тухайн хичээлийн хөтөлбөр ба сурах бичгийн агуулга, бүтэц
5.3.3.3 Заах хичээлүүдийнхээ ерөнхий болон тусгай дидактикийн үндсүүд
5.3.3.4 Хичээлдээ суралцагчийн хөгжлийг бодитой үнэлэх орчин үеийн аргыг хэрэглэх
5.3.3.5 Мэдээлэл харилцааны технологийг хэрэглэж хичээлээ явуулах