Элсэлтийн журам

Захирлын 2022 оны 06-р сарын 06-ны өдрийн

16 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль /БДС/ бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2013 оны 03 сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, БСШУСЯ-ны сайдын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны А/194, БШУ-ны сайдын 2022 оны А/47, 2022 оны А/207 тоот тушаал болон энэхүү журмыг тус тус баримтална.

Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжил, сургалтын хэлбэр

2.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь үндсэн /А/ болон хамтарсан /Б/ хөтөлбөрүүдээр дараах мэргэжлүүдээр оюутан элсүүлнэ.

А. Үндсэн хөтөлбөр.

А.1. Бакалавр (4 жил)


· Багш, сургуулийн өмнөх боловсрол

· Багш, бага боловсрол

· Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол

· Багш, англи хэлний боловсрол

· Багш, англи-монгол хэлний боловсрол

· Багш, нийгмийн ухааны боловсрол

· Багш, математикийн боловсрол

· Багш, мэдээлэл зүйн боловсрол


А.2. Магистр (1.5 жил)

· Боловсрол судлал

· Монгол хэл-уран зохиолын боловсрол

Б. Хамтарсан хөтөлбөр.

Б.1. СЭЗИС-тай хамтарсан Бакалавр + Магистрын хөтөлбөр (3,5+1 жил)

1-р хэсэг. “Гурван-Эрдэнэ” БДС-ийн бакалаврын хөтөлбөр (3.5 жил)


· Багш, сургуулийн өмнөх боловсрол

· Багш, бага боловсрол

· Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол

· Багш, англи хэлний боловсрол

· Багш, англи-монгол хэлний боловсрол

· /англи хэл, англи-монгол хэл/

· Багш, математикийн боловсрол

· Багш, мэдээлэл зүйн боловсрол


2-р хэсэг. СЭЗИС-ийн магистрын хөтөлбөр (1 жил)

· Боловсролын удирдлага

· Бизнесийн удирдлага

· Төрийн удирдлага

Б.2. СЭЗИС-тай хамтарсан бакалаврын хөтөлбөр (2+2 жил)

· Бизнесийн удирдлага

· Нягтлан бодох бүртгэл

· Санхүү

· Мэдээллийн систем

2.2 Дипломын дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид экстернат хэлбэрээр /Энэ журмын 2.1.А хэсэгт заасан хөтөлбөрөөр/ суралцуулна.

2.3 Өмнө нь дээд боловсрол эзэмшсэн бөгөөд багш бус мэргэжилтэй боловч багш мэргэжил эзэмшихийг хүсэгчид болон багш мэргэжилтэй боловч мэргэшлийн өөр чиглэлээр суралцахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид мэргэшлээрээ болон мэргэжлээрээ хөрвөх сургалт / Энэ журмын 2.1.А хэсэгт заасан хөтөлбөрөөр /-д элсүүлэн суралцуулна.

2.4 Журмын 2.2, 2.3-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэгчдийн өмнөх шатны дипломд бичигдсэн хичээлүүд, түүнд харгалзах багц цагийг тооцон, нэмж судалбал зохих хичээл, түүний багц цагийн тооцоог гаргаж тогтоох ба суралцах хугацаа нь 1-1.5 жилээс илүүгүй байна.

2.5 Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл буюу Багш, бага боловсрол, Багш, сургуулийн өмнөх боловсрол /хөтөлбөр/-ээр элсэх тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан 30-аас дээш насны иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулна.

2.6 Дараах нөхцөл хангасан, ЭЕШ өгсөн элсэгчдийг элсэх болзол хангасанд тооцож, шууд элсүүлнэ.

2.6.1 Олон улсын болон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр,

2.6.2 Аймаг, орон нутгийнхаа олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг мөн тухайн мэргэжлийн чиглэлээр,

2.6.3 Улс болон аймаг, орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын багшийн ангид тус тус шууд элсүүлнэ.

2.6 Тухайн сургуульд ямар нэгэн хандиваар оюутан элсүүлэхгүй.

Гурав. Элсэлтийн ажлыг зохион байгуулах

3.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.

3.1.1 Эхний шатанд “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх хүсэлтэй иргэн улсын хэмжээнд явагдаж байгаа элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгнө.

3.1.2 Хоёр дахь шатанд ЭЕШ өгч, сургуульд элсүүлэх босго онооны болзол хангасан иргэний өргөдөл болон өөрийн суралцах бэлтгэл, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн өргөдлийг тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч шалгаруулалт хийнэ.

3.2 Оюутан элсүүлэх үйл ажиллагааг Улаанбаатар хотод “Гурван-Эрдэнэ” БДС-ийн хичээлийн байранд явуулах ба хөдөө орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг Монголын Их Дээд Сургуулиудын Консерциумын оюутан элсүүлэх нэгдсэн үйл ажиллагаа болон сургуулиас томилон ажиллуулж байгаа салбар комиссоор дамжуулан аймгийн төвүүдэд явуулна.

3.3 Энэ журмын 2.3, 2.4, 2.5 дугаар зүйлд заасан элсэгчдээс ЭЕШ өгөхийг шаардахгүй.

Дөрөв. Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг

4.1 Элсэлтийн комиссыг захирлын тушаалаар томилно.

4.2 Элсэлтийн комиссын ажил нь захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн элсэгчдийн дүн мэдээг нэгтгэн боловсруулж тайлан гаргаж өгснөөр дуусгавар болно.

4.3 Элсэлтийн комисс нь дараах эрх эдэлнэ.

4.3.1 Элсэлтийн ажлын явцад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх

4.3.2 Элсэлтийн ажлын явцад үүссэн сургуульд элсэх иргэнтэй холбоотой маргаан, эргэлзээтэй асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

4.4 Элсэлтийн комисс дараах үүрэг хүлээж ажиллана.

4.4.1 Элсэлтийн комисс нь элсэлтийн ажлын төлөвлөгөө гаргаж мөрдөн ажиллах

4.4.2 Элсэлтийн тоонд нийцүүлэн, нийт бүртгэгдсэн элсэхийг хүсэгчдийн материалтай танилцаж, элсэгчдэд тавигдах шаардлагын дагуу үнэн зөв эрэмбэлэн элсэлтийн ажлыг шударгаар, элсэгчдэд нээлттэй явуулах

4.4.3 Элсэгчдийн нэгдсэн дүн мэдээг нэгтгэн, тайланг гаргаж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгөх

Тав. Элсэгчдэд тавих шаардлага

5.1 Тус сургуульд элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.

5.2 Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд шаардлагатай ЭЕШ өгсөн байна./хавсралт 1/

5.3 ЭЕШ-ын үнэлгээ нь олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын дотор хүчинтэй байна.

5.4 Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн ЭЕШ-ийн босго оноо нь хичээл тус бүр 440 ба түүнээс дээш байна.

5.5 Гадаад орноос элсэн суралцах санал тавьсан иргэн элсэлтийн ЭЕШ-аас бусад ерөнхий шаардлагад нийцэж байгаа тохиолдолд элсэлтийн комисс ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.6 Журмын 2.3, 2.4, 2.5-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэхийг хүссэн иргэдтэй ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Зургаа. Оюутан элсүүлэх шалгаруулалт

6.1 Тус сургуульд нийслэл болон орон нутгаас элсэх оюутны тоог удирдах зөвлөл тогтооно.

6.2 Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр хавсралтад заасан мэргэжлүүдээр ЭЕШ-ийн оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

6.3 ЭЕШ-ийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулан шийдвэрлэнэ.

6.4 Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус сургуулийн веб сайтаар зарлана.

6.5 Оюутан элсүүлэхтэй холбоотой гарсан маргааныг тухайн сургуулийн элсэлтийн комисс бүрэн шийдвэрлэнэ.

Долоо. Оюутнаар элсэх өргөдөл хүлээн авах

7.1 Элсэхийг хүсэгч тус сургуулийн www.3erdene.edu.mn веб хуудсанд байрлуулсан “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх өргөдлийг бөглөж хандсанаар элсэж болно. Энэ тохиолдолд элсэлтийн комисс материалтай танилцан холбогдох хариуг утсаар болон е-mail-аар мэдээлнэ.

7.2 Улаанбаатар хотод элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (журмын 7.4-д заасан материалын хамт) 6-р сарын 20-оос 7-р сарын 8-ны өдрүүдэд “Гурван–Эрдэнэ” БДС дээр хүлээн авна.

7.3 Хөдөө орон нутгаас элсэхийг хүссэн элсэгчид нь тухайн аймаг, хотод элсэлт авч байгаа Монголын Их Дээд Сургуулиудын Консерциумийн багт хандах буюу “Гурван-Эрдэнэ” БДС-ийн элсэлтийн комиссын гишүүнд бүртгүүлж элсэнэ.

7.4 Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

а. Өргөдөл /өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг эхийн ажил эрхлэлтийн байдал, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЭЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн, сургалтын төлбөрөө ямар хэлбэрээр төлөх, гарын үсэг, буцах хаяг, холбоо барих утас/ зэргийг тодорхой бичнэ.

b. ЭЕШ-ын батламжийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

c. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

d. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/

e. Цээж зураг 2 хувь /тухайн оны/

7.5 “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх болзол хангасан иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Элсэхийг хүсэгчид тус сургуулийн хэд хэдэн хөтөлбөрт элсэхээр өргөдөл өгч болно.

Найм. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим

8.1 Суралцах эрхийн бичиг авсан оюутан 8-р сарын 22-оос өмнө тухайн жилийн сургалтын төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлсөн байна.

8.2 Нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 2 хуваан төлж болно.

8.3 Боловсролын зээлийн сангаас оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй бол холбогдох материалыг бүрдүүлж сургуулийн санхүү-үйлчилгээний албанд 8 сарын 30-ны дотор өгсөн байх

8.4 Элсэгч оюутантай “Суралцах гэрээ” байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх тухай заалтаар баталгаажуулна.

Найм. Элсэгчдийг бүртгэх

8.5 Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.

8.6 Элссэн хүмүүс 8-р сарын 22-оос 29-ны өдрүүдэд сургууль дээр ирж бүртгүүлж хичээл сонголтыг хийнэ. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.

8.7 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

· Суралцах эрхийн бичиг

· Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг

· Ерөнхий шалгалтын батламж

· Сурагчийн хувийн хэрэг

· Сургуулийн тодорхойлолт

· Иргэний үнэмлэх /хуулбарыг авч ирэх/

· Цээж зураг 2 хувь /тухайн оны/

· Сургалтын төлбөр төлсөн баримт

8.8 Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг тус сургуульд элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.

8.9 Энэхүү журам болон элсэлтийн ажлыг зохион байгуулахтай холбогдсон нэмэлт мэдээллийг “Гурван-Эрдэнэ” БДС-ийн www.3erdene.edu.mn вэб хуудас, “Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль” фэйсбүүк хуудас, gurvanerdene@yahoo.com, info@3erdene.edu.mn mail хаягаар үзэх, харилцах боломжтой.

Төгсөв

Мэргэжил2.pdf